Tuesday, May 18, 2010

ААВУУДЫГ "БУЛААСАН" КАПИТАЛИЗМ

Сүүлийн үед хэд хэдэн сонин гарчиглалаа. Алдартай, олны танил хүмүүсийн ярилцлагыг эргүүлж тойруулж харав. Тэдний ярилцлагыг уншиж суухад нийгмийн нэг бүхэл бүтэн үеийг тодорхойлж болмоор, өлгөж авч санаа сэдэл болгохоор нэг зүйл ажиглагдав. "Сурвалжлагч асууж байна: -Та гэр бүлдээ хэр их цаг зав зарцуулдаг вэ? -Гэр бүлдээ аль болох цаг зав гаргахыг боддог. Гэхдээ чөлөө зав гарах нь ховор. Хүүхдүүдээ өглөө унтаж байхад нь ажилдаа гараад, орой унтаж байхад нь ирдэг. Зарим тохиолдолд долоо хоног хүүхдүүдтэйгээ уулздаггүй. Утсаар л ярих юм байна шүү дээ" хэмээн хариулсан байх юм. Ер нь сонин хэвлэлд нийтлэгдэж буй олонх ярилцлагад хүмүүс тэгж хариулжээ. Энэ нь тийм ч их дуулиан тариад, хүмүүсийг анхаарлыг татаад байх асуулт хариулт биш юм. Олон хүн энэхүү хэсгийг уншаад "ямар их завгүй, яасан их ажилтай хүн бэ? Хариуцлага өндөртэй, цалин сайтай ажилтай хүн байна даа" гэж бодогдохоор. Гэхдээ түр зогсосхийгээд бодъё. Нэгдүгээрт, аав ажилтай. Хоёрдугаарт, аав их ажилтай болохоор завгүй. Гуравдугаарт, аав завгүй болохоор гэртээ оройтож ирдэг. Дөрөвдүгээрт, оройтож ирдэг болохоор хүүхдүүд аавыгаа долоо хоногт алдаг оног хардаг. Тавдугаарт, аав гэрт эзгүй болохоор хүүхдүүд ээжтэйгээ ихэнх цагийг өнгөрүүлдэг. Зургадугаарт, ээжтэйгээ ихэнх цагийг өнгөрүүлдэг болохоор хүүхдэд, тэр дундаа хөвгүүдэд эцгийн нөмөр, амьдрах арга ухаан, алтан сургамж, "алган боов" гээд хүмүүжлийн олон хэлбэр дутагддаг. Аавын зангараг дутсан хүү насанд хүрсэн хойноо эр бие суух ч тулга тойрсон нэгэн болохыг үгүйсгэх аргагүй. Энэ мэтээр нэлээн холуур асуудлыг авч үзэхэд хувь хүн болоод гэр бүлийн төлөвшил, хүн ам зүй, жендер судлал зэрэг олон салбарт завгүй аавуудын "сүүдэр" тусч байх шиг санагдана. Өнөөдөр манай улсын олон гэр бүлд аавууд үгүйлэгдэж байна. Тэд гэр орондоо байхгүй байна. Эрчүүд гэр орноосоо дүрвэсэн юм биш тэд ердөө завгүй байна. Завгүй аав нарыг ерөнхийд нь гурван хэсэгт хувааж болмоор. Суурин байдаг ч гэр орондоо бага орж гардаг, удаад нь хөдөө гадаа олон сараар ажилд явдаг, хамгийн сүүлд нь гадаадад суудаг аав гэж ангиллаа. Суурин аав гэдэгт тогтмол ажилтай ч хоногтоо багтаж төлөвлөсөн нь амждаггүй, өглөө гараад орой ирдэг эрчүүдийг багтааж болно. Тэд олон цагаар ажилладгаас гэр орон, үр хүүхдийн асуудлыг эхнэр нь хариуцдаг гэсэн үг. Энэ ангиллынхан нөгөө хоёроо бодвол давуу тал олонтой. Байр худалдан авах, унаа тэрэг сонгох, хүүхдээ сургууль соёлд оруулах зэрэг амьдралын олон талт шийдвэрт тэд гар бие оролцож чадна. Тэгснээр өрх гэрт түшиг болоод байх чадвартай. Мөн хүүхдүүд эцгийн элбэрэл хайрыг бага ч болов хүртэж өсдөг. Энэ ангилалд наймаанд шогшдог хүмүүсийг ч хамруулж болох талтай. Бараа татан авахаас бусад тохиолдолд наймааныхан байран суурин суудаг учир тэд азтай аавууд юм. Дараагийн ангилалд багтсан аав нар бол томилолтоор явдаг буюу голдуу уул уурхай, усны хайгуул, судалгаа шинжилгээний компанид ажилладаг эрчүүд орно. Тэд ихэвчлэн 2-3 сар хөдөө ажиллаад, цөөн хоног үр хүүхэд, хань ижил, гэр орондоо үзэгдэнэ. Бараг л нүүдлийн шувуу. Нэг ирэхэд хүүхэд төрчихсөн байна, нөгөө ирэхэд хүүхэд хэл орчихсон эсвэл хөлд орчихсон байх жишээтэй. Хүүхэд эхийн арчилгаа тордлогоонд хүн болдог болохоор багачуудын үгийн сан нь нэлээд хожуу аав гэдэг үгээр баяжигдах жишээтэй. Тэд бас ч хамгийн сүүлийн ангилал дахь аав нарыг бодвол гэртээ ирэх хугацаа нь жил, оноор биш сар, өдрөөр хэмжигдэх тул наанатай цаанатай. Эцсийн бүлэгт жагссан аав нарын хувьд байдал маш хүнд. Ахуй амьдралаа сайжруулахаар гадны улс орныг зорьсон залуусын хувьд эхэндээ ар гэртээ санаа зовж, анхаарал халамжаа зориулдаг. Он цаг улирах тусам энэхүү хандлага суларч, хайр хүндэтгэлийг мөнгөөр нөхөх гэж оролдовч дийлэнх тохиолдол энэ нь үр дүнгээ өгөлгүй, гэрлэлт салалтаар төгсгөл болох нь түгээмэл. Гадаадад суудаг аавтай хүүхдүүд голдуу эцэг хүн гэдгийг мөнгөн гуйвуулга, бэлэн мөнгө, гадаад шошготой ганган хувцас, гар утас, мэйл, мессенжер, компьютер зэргээр төлөөлүүлэн ойлгоно. Харамсмаар боловч үнэн дүр зураг өнөөдөр ийм л байна. Гэр бүлийн салангид харилцаа Монголын нийгэмд төлөвшөөд удлаа. Тэгснээр үеэс үед уламжлагдан ирсэн эцэг үрийн нандин холбоо хөндийрч, нэг цул бус хоёр тусдаа бодгаль гэх Европ чигийн хүмүүжил манайхны гэр бүлийн хөрсөнд "ус, чийг"-ээ хэдийнэ өгөөд эхэлсэн. Биднийг багад аав гэдэг хүүхэддээ үлгэр ярьж, цэцэрлэгээс авч мөн хүргэж өгч, байгалийн сайхан үзүүлж, хүнд бэрхээс халирахгүй байхыг сургаж, ах дүү, айл аймаг хүмүүстэй танилцуулж, олны дунд хөтлөсөн амьдралын их хөтөч байсансан. Ганц нэг аав тэр үед эзгүй байдаг байсан. Олон сарын тээвэрт явж, гурван жилийн цэрэгт татагдаж, геологи хайгуулын ажилд зүтгэж, зарим нэг муухан сахилгатай аав нар "их аав"-ынд суудаг байсныг өнөөдрийн цаг үетэй юу гэж харьцуулах билээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн системд шилжсэн сүүлийн 20 жилийн хугацаанд бид хөдөлмөрөө үнэлүүлэх, үг хэлэх, сонгох сонгогдох зэрэг хүний эрхийн мөн чанар болсон олон ололтыг олж бэхжүүлж чадсан. Гэтэл хөгжил дэвшлийн багана өндөрсөх тусам түүний сүүдэр хувь хүн, айл өрхөд тусгалаа тусгаж байна. Үүний буйн нэг илрэл нь аавууд гэртээ байхгүй байх явдал юм. Монгол Улсын хүн амын тоо өдгөө 2.7 сая болж, жил ирэх тутам төрөлт 50-60 мянгаар нэмэгдэж байна. Нийт хүн амын 48.7 хувь нь эрэгтэйчүүд, 51.3 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд 100 эмэгтэйд 95.1 эрэгтэй ногддог. Судалгааны тоо баримтыг харахад нийгэмд эзлэх эмэгтэйчүүдийн байр суурь өсч буй ч эдийн засгийн идэвхитэй хүн ам болон ажиллагсадын дотор эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эзлэх хувь ойролцоо байгаа юм. Ажил хөдөлмөр эрхлэлтийн судалгаа голчлон зөвхөн монголд буй ажиллагсадыг хамруулдаг нь зарим тохиолдолд эрэгтэйчүүдийг ажил, төрөл хийдэггүй анхил муутайн тоонд оруулах шалтгаан болдог биз. Өнөөдөр манай улсаас хамгийн их ажиллах хүчин авдаг БНСУ-д олон тооны эрчүүд ажиллаж байна. Тэдний ихэнх нь ид насны эрчүүд буюу аавууд. Олон аав нар тэнд амсхийх завгүй ажиллаж байна. Тиймээс айл гэрийн хоймор эзгүйдэж, хүүхдүүд аавын тухай багахан дурсамжтай, бүдэг ойлголттой өсч өндийж байна. "Монгол эрчүүд архи уудаг, ажил хийдэггүй, залхуу, эхнэрээрээ тэжээлгэдэг" гэх шүүмжлэл нийгэмд байдаг хэдий ч энэ нь цөөн тооны эрэгтэйд хамаарна. Учир нь аавууд завгүй бас дээр эзгүй байна гэдэг нөгөө талд өрх гэрээ, өлгий нутгаа "нуруундаа" үүрч яваа хэрэг юм. Энэ бүх дүр зургийг өнгөц харахад ажил хөдөлмөр аавуудыг үр хүүхдээс нь, хань ижлээс нь, эх нутгаас нь "булаасан" юм шиг. Гэтэл үнэн чанартаа төр засгийн хийтэй бодлогод хамаг учир байна уу гэлтэй. Тиймээс монгол аавуудыг эх нутагт нь, өрх гэрт нь "нутагшуулах" бодлогыг хэрэгжүүлэх зүйтэй хэмээн бодогдоно. Тэгсэн цагт монгол хүүхдийн нүднээс баярын цог гэрэлтсэн хэвээр байх биз ээ.

Thursday, May 13, 2010

Завинаас гадуурх хүмүүс

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр байсхийгээд ДОХ-ын төд дэх тохиолдол бүртгэгдлээ гэж мэдээлэх. Нийгмийг цочроосон энэ мэдээллийн давтамж улам бүр ойртсоор. Албан ёсны мэдээгээр, манай улсад ХДХВ/ДОХ-ын тохиолдол 69 болж гэнэ. Зөвхөн өнгөрсөн сард шинээр долоон тохиолдол бүртгэгдсэний гурав нь Улаанбаатар хотын иргэн байсан нь хотод эрсдэл өндөр байгааг харуулж байна. Манай улсад 1992 онд ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол илэрснээс хойш өнөөдрийг хүрэхэд есөн хүн ДОХ-ын улмаас нас барж, мөн тооны хүн ДОХ-ын шатандаа шилжсэн аж. Үлдэж буй хүмүүс ХДХВ-ийн халдвар тээн амьдарч байна. Одоогийн байдлаар халдвар тээгчдийн 27 хувь нь ажилтай, 20 хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, үлдсэн хувь нь ажилгүй байна. Зах зээлийн давалгаатай зэрэгцэн Монголд "хөл тавьсан" энэ төрлийн халдвартай болон өвчтэй хүмүүсийг тухайн үед "хил хязгаар тогтоож тусгаарлах хэрэгтэй", " нэр усыг хэвлэл мэдээллээр зарлаж, жигшээх нь зүйтэй", "ажил төрлөөс нь хал" гэх мэтээр шүүн тунгаадаг байсан. Зарим тохиолдолд заналхийлсэн өнгө аястай "буудан ал", "шоронд хорь", "хүйс тэмтэр" гэх дуу хоолой ч сонсогддог байсан нь саяхных. Өнөөдөр ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч иргэдийг жирийн хүмүүс "халдвар тараагч, завхай амьтан, шангаа зүй ёсоор хүртэж байгаа этгээд" гэсэн хандлагаар хүлээж авахаа больсон. Гэсэн хэдий ч эл өвчний халдвар авсан, өвдсөн хүмүүсийн хүний эрх, эрх чөлөөний асуудал одоог хүртэл хөндөгдсөн хэвээр байгаа билээ. ХДХВ/ДОХ-той хүмүүсийн эрх, эрх чөлөө хэрхэн зөрчигдөж байгааг дурьдахын өмнө олон нийтийн дунд ямар буруу ойлголт байсаар байгааг өгүүлье. Бэлгийн замбараагүй амьдралтай хүн халдвар авдаг гэх ойлголт нэлээд түгээмэл байдгаас иргэд, тэр дундаа залуучууд "надад ямар тусах биш дээ" гэсэн бодолтой явдаг байж мэдэх юм. Гэтэл энэ бол том эндүүрэл аж. Нэг удаагийн хамгаалалтгүй бэлгийн хавьтлаар ч ХДХВ-гийн халдвар авдаг байна. Мөн "Гомочууд ДОХ тарааж байна" гэсэн яриа олны дунд яригддаг. Үнэн хэрэгтээ ХДХВ-ын халдвар авсан хүн болгон ДОХ-той байна, эсвэл ДОХ-той болно гэсэн үг биш юм. Зарим тохиолдолд ХДХВ-ын идэвхжлээс хамааран тухайн хүн ДОХ-той болох буюу өвчний үедээ шилждгийг анагаахын шинжлэх ухааны аль эрт тогтоосон. Түүнчлэн "хамгаалалтгүй байсан ч үрийн шингэн гадагшлаагүй л бол аюулгүй", "амаар хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох нь зүгээр" гэх нь мөн л ташаа ойлголт гэнэ. Үрийн шингэн гадагшлаагүй байсан ч үл ялиг ялгарсан байхад хэрэв хавьтагч нь ХДХВ-ын халдвартай бол халдвар авах юм. ХДХВ/ДОХ нь хэнийг ч алагчладаггүй өвчин. Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орж буй бүх хүн эрсдэлтэй зан үйл хийж байна гэсэн үг. Ихэнх тохиолдолд өвчний илрэл гей хүмүүсийн дунд илэрдэг ч гадаад орнуудын жишээнээс харахад халдвартай гейчууд нь ХДХВ/ ДОХ-той амьдарч буй эсрэг хүйстэнтэйгээ унтдаг хүмүүстэй харьцуулахад бага байдаг гэсэн судалгаа гарчээ. Харин манай улсад ХДХВ-ын халдвартай эрчүүдийн үнэмлэхүй хувь нь гей залуучууд байгаа юм. Сүүлийн үед цацагдаж буй ХДХВ/ДОХ-оор гей залуус халдварлаж байна гэсэн мэдээлэл мөнхүү эргээд тэднийг нийгэмд үзэн ядах сэтгэгдлийг төрүүлж буй нь нууц биш. Ерээд оны үеэр АНУ-д "Зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдүүд л халдвар авах эрсдэлтэй" гэсэн мэдээллийг хүчтэй сурталчилсан. Энэ нь дээр хэлсэнчлэн аймшигт халдвар хэнийг ч ялгадаггүйг хүмүүсийн ухамсарт суулгаж өгсөн сурталчилгаа байсан юм. Халдвар зөвхөн өөрөөс хамаарах үйлдэл буюу хамгаалалтгүй бэлгийн хавьтлаас гадна бусдын буруутай, хариуцлагагүй үйлдлээс хамаардаг. Эмнэлгийн бүрэн ариутгагдаагүй багаж хэрэгсэл, цус, цусан бүтээгдэхүүн, аз туршсан үйлдлээс буюу эхээс урагт халдвар дамждаг. "Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг" гэдэг зүйр үгээ мартаад, халдвартай амьдарч буй хүмүүсийг өвчний золиос болсон гэдгийг үл анзаараад гэмт хэрэгтэн мэтээр шүүн таслах нь утгагүй хэрэг гэдгийг дэлхий нийтээр хэлж сануулж буй. Азгүй тохиолдлоор халдвар авснаар тухайн хүн ажлын орчиндоо нүд үзүүрлэгдэх, улмаар халагдах, үг хэлээр доромжлуулах, гэр орноосоо хөөгдөх, бие махбодиороо хохирох зэрэг үр дагавар тэднийг хүлээж буйг ямагт санаж байхад илүүдэхгүй биз ээ. Ялгаварлан гадуурхалтад өртүүлж, хүний эрхийн олон зөрчлийн хохирогч болгохгүйн тулд бид юу хийх ёстой вэ? Хэдхэн хоногийн өмнө урд хөрш маань ДОХ-той холбоотой хатуухан шийдвэр гаргаж, тун удалгүй цуцалж байгаа бололтой байсан. Манай улсад өнөөдөр ХДХВ/ДОХ-той хүмүүст хандсан ямар нэг сөрөг шийдвэр гаргаагүй ч албан байгууллага, аж ахуйн нэгжийн хувьд хүний эрхийг нь хаан боогдуулсан журам заавар хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийн хувьд ажил ороход заавал ХДХВ-ийн шинжилгээ өгөхийг шаарддаг. Энэ журам заавар ялангуяа гадаадын хөрөнгө оруулалт бүхий компаниудад түгээмэл байдаг. Энэ нь ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн ажил мэргэжлээ сонгох эрхийг зөрчиж буйн нэг томоохон илрэл юм. Тэдний ажиллаж хөдөлмөрлөх эрх амьдрал дээр нээлттэй юм шиг хэрнээ бодит байдал дээр хаалттай байдаг. ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн хувийн мэдээлэл зарим тохиолдолд алдагдаг. Асуудлыг хариуцаж буй албан тушаалтнууд оршин суугаа газар, нас хүйс, ажил мэргэжил зэргийг мэдээлдгээс олонх хүн тухайн хүнийг халдвар авсан болохыг богино хугацааны дараа олж мэдсэн байдаг. Учир нь албан тушаалтан тэр гэж нэр хэлээгүй ч ихэнх тохиолдолд тойруугаар хэн халдвар авсан болохыг хэлчихдэг хэрэг юм. ХДХВ/ДОХ-оос сэргийлэх хуулийн 11 дүгээр зүйлийн 1.7-д "Хүний дархлал хомсдолын вирус буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон бол энэ тухайгаа өөрийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагчдаа нэн даруй мэдэгдэх" гэж заасан. Энэ нь Хувь хүний нууцын тухай хуулийн "хувь хүн нууцаа өөрөө хамгаална" гэсэн заалттай харшилдаж байгаа юм. Өнөөдөр манай улсын 2.7 сая хүний хэн нь ч энэ хар сүүдэрт өртөж мэднэ. Бид хэдэн хүн өвчилсөн тухай мэдээлэлд ач холбогдол өгөх бус хэрхэн эл өвчнөөр өвчлөхгүй байх, өвдсөн нэгийхээ хүний эрх, эрх чөлөөг дээдлэдэг байх нь ардчилсан тогтолцоот нийгмийн ёс зүйд нийцэхсэн. Монгол, цаашилбал дэлхий хэмээх нэг л "завин дээр сууж яваа"-гийн хувьд завин дээрхээс гадуурх хүмүүс гэж байх ёсгүй санагдана.

Хариу "нүүдэл" юу вэ?

БНСУ-ын Хууль зүйн яам, Цагдаагийн газар хууль бусаар ажиллаж амьдарч буй гадаадын иргэдийг эх орноосоо албадан гаргах болсноо саяхан албан ёсоор зарлав. Тус улсын хууль бусаар ажиллаж амьдарч буй гадаадын иргэдийг эх оронд нь албадан буцаах гэсэн жинтэй шийдвэр энэ сарын 6-наас наймдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд үргэлжлэх гэнэ. Энэ оны арваннэгдүгээр сард болох "G20 " буюу Их 20-ийн уулзалт Сөүл хотод болохтой холбогдуулан тухайн үеийн аюулгүй байдал, террорист халдлагаас хамгаалах зорилгоор уг шийдвэрийг гаргажээ. Мөн Өмнөд Солонгос улсад хууль бусаар ажиллаж амьдарч буй гадаадын иргэд сайн дураараа эх орон руугаа буцах бол ямар нэгэн торгууль оногдуулахгүйгүйгээр үл барам, БНСУ-д дахин нэвтрэх эрхийг хаахгүй аж. Харин хяналтын байгууллагын шалгалтаар баригдсан тохиолдолд тус улсад дахин ирэх эрхийг таван жилээр хааж, хоёр сая хүртэлх воны торгууль оногдуулахаар болов. Тус улсын эрх баригчид өөрийн орны үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд ч гэсэн эдийн засгийн арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Энэхүү мэдээ олон монгол хүний зүрхэнд шар ус хуруулав. Солонгост тогтож суурьшсан нэгний хувьд "за яахав, баригдахдаа хүрвэл нутаг буцна даа" гэсэн бодолтой байдаг юм гэхэд ах дүү, аав ээж, найз нөхдөөс ам өчгөө өгөн байж гуйсан, зээлсэн, орон байраа ломбардсан, банкны зээлэнд тавьсан нэгний хувьд баривчилгаа гэдэг ёстой л гэгээн өдөр аянга цахилсантай адил хэрэг юм. Баривчлагаа үргэлжлэх гурван сарын хугацаанд хэдэн хүн ганзага хоосон, сэтгэл гундуу, өрийн данстай эх орондоо ирэхийг одоо тааж хэлэхэд эртэднэ. Гэхдээ Гуулин улсын эрх баригчдын гаргасан шийдвэрийн хариуд манайхны улс төрчид ямар "нүүдэл" нүүдэг юм бол. "Баригдсаны чинь хохь, хэн та нарыг хууль бусаар тэнд ажиллаж амьдар" гэсэн юм гэсэн шижээргүй зан гаргах уу эсвэл "монголдоо ирээд яаж амьдарна даа, нэгийг бодьё, хоёрыг сэтгэе" гэх нь үү. Ямартай ч энэхүү асуултад одоогоор тодорхой хариулт олно гэхэд итгэл муутай. "Гадаад шилжилт хөдөлгөөн Монголд багагүй хөрөнгө оруулдаг. Улс орны эдийн засагт сайн нөлөөлдөг" хэмээн ярих дуртай манай улс төрчид, эдийн засагчид хүний газарт, гүний хошуунд ахуй амьдрал, эрүүл мэнд, үр хүүхэд гээд олон зүйлээ орхигдуулж ирсэн элэгт нэгтнүүдээ энэ л үед нь эргэж хармаар байгаа юм. Хилийн чанадаас сайн дураараа болон хөөгдөж туугдан ирж буй иргэдийн хувьд ирээд ажлын байр байхгүй, тэнд сурсан мэдснээ ашиглая гэхэд санхүү мөнгөний бололцоо хүрэлцдэггүй, жижиг, дунд үйлдвэр, үйлдвэрлэл эхлүүлье гэхэд тэднийг дэмжсэн төр засгийн бодлого гэхээр юм өнөөдөр алга байна. Ерөнхийдөө эргэн нийгэмшүүлэх хөтөлбөр гэж үндсэндээ манай улсад байдаггүй. Тиймээс өнөө л дасаж дадсан аргаар буюу ямар нэгэн байдлаар эргэж хилийн дээс алхахыг манайхан илүүд үздэг. Тухайлбал, өнгөрсөн онд хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн 62 гэмт хэрэгт 74 хүн ял шийтгүүлжээ. Сүүлийн жилд улсын хил хууль бусаар нэвтэрсэн иргэдийн 26 нь буюу 35.1 хувь нь эмэгтэйчүүд, ял шийтгүүлэгчдийн 65 нь буюу 87.8 хувь нь эрхэлсэн тодорхой ажил, сургуульгүй хүмүүс байжээ. Түүнчлэн 4 оюутан хууль бусаар хил давсан гэмт хэрэг үйлдсэн байдаг. Энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн 55.4 хувьд нь хорих ял, 20.2 хувьд нь баривчлах ял, үлдсэн хувьд нь бусад төрлийн ялыг шүүх оногдуулсан байна. Хил хууль бусаар нэвтрэгчдийн 58.1 хувь нь 18-29 насны залуус байгаа бол 63.5 хувь нь бүрэн дунд боловсролтой хүмүүс байв. Улсын Дээд шүүхээс гаргасан энэхүү статистик тоог харахаар, монголчууд юуны учир харь улс руу тэмүүлээд байна вэ гэх асуулт эндээс ургана. Тэд монголдоо байхад ажил олддоггүй, хангалттай цалин хөлс авдаггүй гэх улиг болсон дээрх шалтгааныг сөргүүлэн тавих биз. Тэгэхээр төр засаг иргэдээ хууль бус зам руу түлхэж болмооргүй байгаа юм. Сүүлийн үед манай иргэд өөрсдийгөө эрсдэлтэй байдалд оруулж, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг ялангуяа хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч, хар тамхи, мансууруулах бодис зөөвөрлөдөг зөөгч, түгээгч болсон. Иймд гадаадад буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, нэгдсэн мэдээллийн баазтай болох, тэгснээр бүртгэлжүүлж хэн, хаана ажиллаж амьдарч байгааг мэдэж судлах боломжтой болохын дээр элчин сайдын яамны дэргэд хүний эрхийн асуудал хариуцсан ажилтантай байх нь зүйтэй байгаа юм. Ганц өнцгөөс нь харвал гадаадад ажиллаж буй монголчууд эх орондоо хөрөнгө оруулж буй хөрөнгө оруулагч яах аргагүй мөн. Харамсалтай нь харьд ажиллаж амьдарч буй тэдгээр иргэний эрх ашгийг бүрэн дүүрэн хамгаалах явдал орхигдсон хэвээр 20 жил болж байна. Өнөөдөр манай улсаас албан ёсны гэрээт ажиллах хүч авдаг гурван орон байдаг нь БНСУ, Япон, БНЧУ юм. Албан тоогоор 80 оронд 100 гаруй мянган иргэд байдаг гэх. Харин албан бус тоогоор 140 оронд 300 гаруй мянган иргэн ямар нэг хөдөлмөр эрхэлж, сурч байгаа. Манай улсаас ажиллах хүч авч буй гадаадын улс орныг БНСУ тэргүүлдэг бөгөөд тэнд ажиллаж амьдарч буй монгол иргэдийн 60 хувь нь албан ёсны гэрээгээр хөдөлмөр эрхлэдэг аж. Энэ улсад хөдөлмөр хамгааллын журам зөрчигдөж, хоёр орны гэрээний биелэлтэд тавих хяналт сул байснаас 2004-2007 онд 326 хүн амь насаа алджээ. Гадаадад ажиллах хүч гаргахдаа эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулж эрүүл хүнийг сонгон явуулдаг. Гэхдээ гэрээний хугацаа дуусч 3-5 жилийн дараа эх орондоо ирэхэд эрүүл мэндийн хувьд ямар нэгэн өвчтэй болж ирдэг байна. Гэлээ ч монголчууд хор хохирлыг үл тоон гадагш тэмүүлсээр. Уг нь "Эргээд ирэхэд ээж сайхан, эргүүлж мөлжихөд хүзүү сайхан" гэдэгсэн. Гадаадад хуулийн дагуу болон хууль бус замаар ажиллаж амьдарч буй олон монгол нүүрэн дээрээ "эх орондоо очно оо" хэмээн ярьдаг ч хэзээ вэ гэдгээ өөрсдөө ч сайн хэлж мэддэггүй. Харин ч цаашдаа ойр хавийн хүмүүсээ байгаа газар руугаа татах, тэнд сургаж боловсруулах, ажилд төрөлд оруулах сонирхол нь давуу байдаг гэхэд болно. Ер нь албадангийн байдлаар нутагтаа ирж буй иргэдийн талаар хөндөж ярихаас гадна харьд буй залуусынхаа монгол руугаа гэх сэтгэлийн жолоог хэрхэн нааш нь эргүүлэх хэрэгтэй юм бол. Эх орондоо ирсэн хойно нь хэрхэн тэднийг нийгэмшүүлэх тал дээр хэн юу бодож байдаг юм бол.

Хэн ч өртөж мэдэх хүний мөлжлөг

Хүний наймаа. Энэ үг өнөөдөр монголчуудад төдийлөн гайхширч хүлээж авах үг биш болжээ. Төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцоо нуран унаснаар шилжилтийн гэх тодотголтой хүнд бэрх он жилүүд эрүүгийн нөхцөл байдалд "ташуур" өгсөн. Тэр дундаа, хүн худалдаалах, ялангуяа охид, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн золиос болгох нь өсөх хандлагатай байгаа юм. Албан ёсны статистик судалгааны дүнгээс үзэхэд 2001 онд хүн худалдаалах гэмт хэрэг нэг гарч байсан бол 2008 он гэхэд 300 удаагийн тохиолдол бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар хүн худалдаалах гэмт хэрэг бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөг, захиалгат гэрлэлт гэсэн гурван хэлбэр, төрлөөр голчлон үйлдэгддэг байна. Бэлгийн мөлжлөгт автсан хохирогчийн тоо өссөөр...
Бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэрэгт ихэвчлэн залуу эмэгтэйчүүд өртдөг. Судлагдсан эрүүгийн хэргүүдээс үзэхэд, 30 хувь нь 18-21 насны, 20 хувь нь 21-26 насны, 11 хувь нь насанд хүрээгүй охидууд байна. "Гадаадад өндөр цалинтай ажилд ажиллуулна, тэтгэлэгт сургалтад хамруулна" гэх мэт хуурамч зар сурталчилгааг ашиглах, амьдралын хүнд нөхцөл дээр нь дөрөөлөн ятгах, хүч хэрэглэх замаар охид, бүсгүйчүүдийг аргагүй байдалд оруулан гэмт этгээдүүд дотоодод болон Хятад, Малайз, Макао, Хонконг зэрэг оронд тэдний биеийг нь үнэлүүлж ашиг олдог байна. "Хүйсийн тэгш эрхийн төв"-ийн мэдээлснээр, 2003 онд нэг, 2004 онд дөрөв, 2005 онд гурав, 2006 онд 11, 2007 онд 42, 2008 онд 27, 2009 онд 51 буюу нийт 139 хүн бэлгийн мөлжлөгийн хэлбэрээр хүн худалдаалах гэмт хэрэгт өртөн, туслалцаа дэмжлэг авчээ. Манай улс 2002 онд Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлд "Хүн худалдах, худалдан авах" гэсэн томьёоллыг оруулж, 2008 онд уг заалтыг өөрчлөн найруулж, мөн оны 3 дугаар сард Улсын Дээд шүүхээс тайлбар хийсэн нь хүн худалдаалах гэмт хэргийг олон улсын гэрээ, конвенцийн зарим хэм хэмжээний дагуу хуульчилж өгснөөрөө ач холбогдолтой юм. Гэхдээ өнөөдөр шүүхийн практикт гэмт хэрэгтнийг онц хүнд гэмт хэргийн зүйл ангиар бус хөнгөн зүйл ангиар шийтгэх нь олонтаа. Мөн прокурорын шатанд ирсэн хэргийг "биеийг нь үнэлүүлсэн, бусдад худалдаалагдсан гэдэг нь хангалттай баримт нотолгоогүй", "хохирогч дуулах, бүжиглэх гэх мэт үйлчилгээний ажил хийхийн хамт хэрвээ үйлчлүүлэгч хүсвэл бэлгийн харьцаанд орно гэдгээ мэдэж байсан учир хүчинд автагдсан, хууран мэхлэгдсэн гэж үзэх үндэслэлгүй" гэх зэрэг шалтаг шалтгаанаар 85-90 хувийг нь хэрэгсэхгүй болгож байжээ. Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч, гэрчийг хамгаалах эрх зүйн орчин өнөөдөр манай улсад байхгүйтэй адил. Хохирогчийг хамгаалахаас гадна туслалцаа үзүүлэх, нөхөн төлбөр олгох, нэр хүндийг нь сэргээх, эргэн нийгэмшихэд зориулж хийж буй бодитой ажил мөн ховорт тооцогдож байгаа юм. Тухайлбал, Монголд хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн хоёр хохирогч хэргийг хянах явцад эхэндээ хохирогч байснаа гэмт хэрэгтний ятгалаг, айлган сүрдүүлэлтэд орсноос болж мэдүүлгээсээ буцаж, улмаар өөрсдөө хуурамч мэдүүлэг өгсөн хэмээн буруутгагдаж байсан сургамж байдаг байна.
Эрчүүд хөдөлмөрийн мөлжлөгт өртөмтгий
Хөдөлмөрийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэрэгт эмэгтэйчүүдээс гадна эрэгтэйчүүд их өртдөг байна. Иргэдийг хуурамч зар сурталчилгаанаас гадна ажиллах хүч зуучлах нэртэй компани болон хувь хүн хил давуулан бүлгээр нь хөдөлмөрийг нь мөлжих зорилгоор гадаад улс орнууд руу худалдаалах ба, дотоодод ч уг хэрэг гарах болсныг баримт гэрчилнэ. "Хүйсийн тэгш эрхийн төв" ТББ-ын мэдээлснээр, энэ оны нэгдүгээр сарын байдлаар 92 хүн хөдөлмөрийн мөлжлөгийн хохирогч болж, туслалцаа авсан аж. Өнөөдөр манай улс гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах асуудлыг Гадаадад ажиллах хүч гаргах болон гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулиар зохицуулж байгаа. Гадаадад ажиллах хүч зуучлах зөвшөөрөлтэй компаниуд ихэвчлэн залуу эрчүүдийг сонгон авдгаас эмэгтэйчүүд харьд гэрээгээр хөдөлмөр эрхлэх үүд хаалга бараг хаалттай байгаа юм. Ингэснээр гадагшаа гарч ямар ч хамаагүй ажил хийх гарцыг хайдаг төдийгүй хууль бус үйлдэл хийхэд хүргэдэг байна. Дотоодын нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалттай компани, аж ахуйн нэгж ажлын хүнд нөхцөлд, иргэдийг дөнгөж гол зогоох хэмжээнд ажлын хөлс олгон хөдөлмөрийг нь мөлжиж ашиг олох хандлага цөөнгүй давтагдаж буй. Бага цалин хөлс өгөхийн дээр Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд ажилчдыг гаднаас нь цоожилж, урт цагаар, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хангаагүй нөхцөлд ажиллуулж байгаа тухай мэдээлэл өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цөөнгүй удаа яригдаж байсан. Гэтэл Үндсэн хууль болон Хөдөлмөрийн хуулинд "Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй" гэж зааснаас гадна манай улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын "Албадан хөдөлмөрийн тухай" 29 дүгээр конвенци, "Албадан хөдөлмөрийг устгах тухай" 105 дугаар конвенцид тус бүр 2005 онд нэгдсэн орсон орны хувьд энэ асуудалд анхаарал хандуулах цаг нь хэдийнэ болсон гэсэн үг юм.
Зуучлалаар гадаад иргэдтэй гэр бүл болж байна
Сүүлийн жилүүдэд "Гэр бүл зуучлал" нэрийн дор охид бүсгүйчүүд гадаад иргэдтэй хуримлах нь ихэсчээ. 2003-2007 оны хооронд гадаадын иргэдтэй гэрлэгсдийн тоо 446 хүнээр буюу 54.1 хувиар өсч, тэдгээрийн 90-95 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Тэдгээр эмэгтэйчүүдийн 70 хувь нь Солонгос иргэдтэй гэр бүл болжээ. Энэхүү гэрлэлтийн үр дүнд зуучлуулсан иргэд бусдын нутагт хүчирхийлэл дарамтад өртөж, байнгын боолчлолын байдалд орон, эрх ашиг нь зөрчигдөх нь түгээмэл байгаа юм. "Хүйсийн тэгш эрхийн төв"-д 45, "Хүний эрх хөгжил төв"-д хоёр иргэн зуучлалын захиалгат гэрлэлт хэлбэрээр хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн гэж хандсан байна. Гэрлэлт гэдэг хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэдэг бол захиалгат гэрлэлт зөвхөн нэг талыг барьдаг. Тухайлбал, зуучлагчаар дамжуулан гэрлэж байгаа хүмүүс нэг талын гэрээнд гарын үсэг зурахаас өөр аргагүйд хүрдэг. Тухайн гэрээнд сүй тавих ёслол хийсний дараа гэр бүл болохоос татгалзвал мөнгө төлнө, очсон хойноо зугтаж орговол эцэг эх нь зуучлах товчоонд төлбөр өгнө гэх мэт заалтыг тусгасан байдаг байна. Манай улсын иргэдийг гэр бүл болоход зуучлах асуудлыг зохицуулсан хуулийн заалт одоогоор байхгүй байгаа энэ байдалд хүргэдэг аж. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд ч мөн ялгаагүй гадаадын иргэдтэй гэр бүл болоход зуучлах үйлчилгээг ямар нэгэн байгууллагад олгохоор заагаагүй. Тиймээс хүссэн хувь хүн, аж ахуйн нэгж гадаадын иргэнтэй гэр бүл болоход зуучилна гэсэн зар тарааж, тэр нь өнөөгийн нийгэмд байх ёстой үзэгдэл мэтээр энгийн иргэдэд харагдах болжээ.

ЗУДНААР ТУУГДАГСАД

Үхэр жилийн зудны "сүр дуулиан" ерөнхийдөө намжсан ч малын хорогдол, хамгийн сүүлийн үеийн мэдээгээр 7.5 саяд хүрээд буй. Дөчин гурван сая малтай манай орны хувьд нийт дүнтэй нь харьцуулахад хорогдлын тоо танагтай юм шиг боловч өрх гэрт үзүүлэх хор хохирол нь ямар их гэдгийг дурдахад илүүц биз. Амьжиргааныхаа хэдээс салсан малчдад ирээдүй нь, өнөөдөр ямархан байдлаар төсөөлөгдөж байгаа бол? Ирж яваа цаг болно биз, үлдсэн хэдээ төлөөр нь өсгөнө өө гэх нэгэн байхад хот суурин газар руу шилжин суурьших бодолтой хүн цөөнгүй байгаа нь лавтай. Үхэр жилийн зуд тэгэхээр малын хорогдол, махны үнийг өсгөсөн шигээ ядуурал, ажилгүйдэл, шилжилт хөдөлгөөн, гэмт хэрэг гээд олон үр дагаврыг өөртөө дагуулах гээд байна уу даа гэсэн бодол төрлөө. Хэдийгээр малаа алдсан малчид төв суурин руу нүүж буй тухай яг таг тоо баримт байхгүй байгаа ч хот руу шилжих шилжилт хөдөлгөөн хурдасна гэж таамаглаж буй олон хүн байна. Тэр хэрээр нийслэлд ажлын байр, орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд зуднаас өмнөх үеийн шилжин ирэгсдийн түвшинд шийдэж чадаагүй асуудал мөн л нэмэгдэн сөхөгдөх нь тодорхой юм. Иргэн хүн Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хөдөөд байна уу, хотод байна уу хаана амьдрах нь тухайн хүний эрх. Гэлээ ч тэднийг угтан авч буй их хот шилжин ирэгсдийнхээ эрх ашгийг хангаж чадахгүй байгаа. Тиймээс өнөөгийн байдлыг эргэж нэг харья гэлээ. Гэр хороололд хөдөөнийхөн суурьшдаг
Хөдөө орон нутгийн иргэд сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалах, амьжиргаагаа дээшлүүлэх боломжийг хайж хотод шилжин ирдэг. Малын захаас холдож үзээгүй улс Улаанбаатарт амьдарна, болно гэсэн дан ганц сэтгэлийн чин зориг өвөртлөн ирдгээс хаана суурьших, яаж амьдрах, хэнд хандах гэсэн нарийн төлөвлөгөө байдаггүй гэхэд болно. Нүүж ирсэн хойноо гаднах орчиндоо дасан зохицож чаддаг болов уу, үгүй болов уу гэдэг нь ёстой таавар юм. Тэдэнд дасан зохицох, амьжиргааны наад захын нөхцөлийг бүрдүүлэхэд туслах, боловсрол, эмнэлгийн үйлчилгээнд хамруулах, хүүхдэд хандсан зөвлөгөө өгөх зэрэг ямар нэг алба хэлтэс байдаггүй, зохион байгуулалтын ажил үндсэндээ хийгддэггүй. Тиймээс шилжин ирэгсдийн хувьд бор зүрхээр хэр зүтгэснээс ахуй, амьдрал нь шалтгаалдаг. Шилжилт хөдөлгөөн 1990 оноос хойш тасралтгүй үргэлжилсээр өнөөдөр манай улсын хүн амын тал хувь нь нийслэлд төвлөрсөн. Хөдөөнийхөн гол төлөв гэр хороололд төвхнөдөг. Гэр хорооллын хүн амын хурдтай өсөлт нь хотын нийгэм, эдийн засгийн болон засаг захиргааны нэгжид ачаалал үүсгэн, ядуурлыг улам бүр гүнзгийрүүлдэг гэж судлаачид үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сонгогдох сонгох эрхээ эдлэхгүй, зохистой орон байраар хангагдаж чадахгүй, хүүхдүүд нь сургуульд хамрагддаггүй, эрүүл аюулгүй орчинд амьдарч чадахгүй байна гэсэн үг. Шилжин ирэгсдийг голдуу хог хаягдлын дунд бохир зайлуулах нэгдсэн сүлжээгүй орчинд, ердийн зуухан халаалттай, халуун усны гачаалтай нөхцөл угтдаг. Шилжин очсон тухайн хороондоо бүртгэлгүй тул наад захын үзлэг оношилгоо хийлгэж чаддаггүй, ер нь гуравны нэг нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй байдаг байна. Мөн цэвэр ус, гэрэл цахилгаанаар хангагдаагүй айл өрх цөөнгүй байгаагийн дээр тэдгээр нь ихэнхдээ ажилгүй, мэргэжилгүй улмаас яаж амьдрах аргаа ололгүй хогийн цэг дээр бор хоног, шар өдрүүдийг өнгөрөөж байна. Энэ мэт хүндрэлээс болж, газар өмчлөх, хувь хишиг хүртэх, мэргэжил боловсрол эзэмших зэрэг асуудал тэдний хувьд тэнгэрээс од шүүрэхтэй адил хэрэг болдог. Цаашлаад зөвшөөрөлгүй газар бууснаас үер усны гамшигт өртөх, элдэв ялгаварлан гадуурхалтад өртөх, санхүүгийн гачигдлаас амьдралын түвшин буурах зэрэг үзэгдэл шилжин ирэгсдийн дунд тохиолдох нь их аж.
Шилжин ирэгсдийн хүүхдүүд ч томчуудтай адил хохирдог
Монгол айл дунджаар 5 ам бүлтэй гэж тооцоход тухайн өрхийн 2-3 гишүүн нь хүүхэд байж таарах нь. Шилжин ирэгсэд ихэнхдээ хүүхдээ бага дээрээ нь хотод нүүн ирсэн нь дээр гэж үздэг. Учир нь сайн боловсрол, сайн сургалттай сургуульд хүүхдээ сургах гэсэн хэрэг. Өрхийн насанд хүрээгүй иргэд мөн л нийслэлд ирээд санаан зоргоор сайн битгий хэл захын сургуульд бүртгүүлэхэд ч хүндрэлтэй. Засаг захиргааны нэгждээ бүртгэлтэй тохиолдолд сургуульдаа бүртгүүлдэг ч бүртгэлгүй бол энэ тал дээр санах ч юм биш. Ямартаа л өнөөдөр нийслэлийн иргэн хүн өөрийн сонирхлоор өөр сургуульд хүүхдээ сургах гээд чадахгүй байхад танил тал, мөнгө төгрөггүй хөдөөнийхөнд харьяа сургууль, цэцэрлэгээ бараадсан нь өлзийтэй. Тэдний бүртгүүлдэг сургууль нь бидний хэлдгээр мөн л гэр хорооллын сургууль байх нь ойлгомжтой. Сургууль нь 3 ээлжээр хичээллэдэг, нэг ангидаа 40-53 хүүхэдтэй байх нь бий. Хол гэртэй хүүхэд 3-4 км явган явж сургуульдаа хүрнэ. Өвөл эртлэн гардгаас харанхуй гудамжаар явах, айж ичих, автобус унаанд сууж чадахгүй байх, ханиад томуу хүрэх, нохойд уруулах гэсэн садаа давааг тэд бяцхан биедээ үүрдэг. Бүртгэлгүй гэх шалтгаанаар гэр хорооллын шилжигч өрхийн хүүхдийн 33.3 хувь нь сургууль завсарддаг бөгөөд эдгээр хүүхдийн тал орчим нь 5-8 дугаар ангиас сургууль завсарджээ. арай гайгүй сургуульд сургана гэвэл нийтийн тээврээр 2-3 дамжих хэрэгтэй болдог нь өрхийн зардлыг улам нэмэгдүүлдэг. Дугүйлан, секц нь төлбөр өндөртэй, багшийн ачаалал их байдгаас хүрч ажилладаггүй, олон хүүхэд нэг дор цугларснаас хичээлээ сайн ойлгодоггүй, багш нар ялгавартай ханддаг, янз бүрийн төлбөр нэхдэг байдал хаа ч байдаг үзэгдэл юм. Зарим тохиолдолд эцэг эх амьдралаа дээшлүүлэхээр гадаадыг зорьсноор хүүхэд эзэнгүйдэх, хараа хяналт суларснаар гэмт хэрэгт холбогдох, хичээл сургуульдаа явах хүсэл сонирхолгүй болох зэрэг бэрхшээл түгээмэл байна. Хилийн чанадад гарсан иргэд эргэж ирэх сонирхолгүй байдаг нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлсөөр... Өмнөхөө яая гэж байгаа Улаанбаатар
Зарим нэг хүний яриаг сонсож байхад, Улаанбаатарын эмнэлгүүдэд хөдөөнийхөн олноор ирж үзүүлж, оношлуулж байна гэх. Хахир цагт туйлдаж ядарсан биеэ тэнхрүүлэх гэж тэр биз. Сүүлийн арван жилд тохиогоогүй зуд турханд хүн малгүй сүрхий туйлдсан. Улс орон малгүй иргэнийг 40 сая төгрөгөөр малжуулах чиг барьж буй ч тэднийг бололцооны амьдралд хүрэх хүртэл нь эрүүл мэндийн асуудлыг нь ч гэсэн бодолцох хэрэгтэй юм болов уу. Сум, багаар нарийн мэргэжлийн эмч нарын баг явуулах, сумын эмнэлгийн үйл ажиллагааг дэмжих, багаж тоног төхөөрөмжөөр хангах зэрэг өмнө хийж байсан ажлаа эрчимжүүлэх шаардлага байна. Мөн сумын сургуулийн сургалтын орчин, сурлагын чанар, багш, ажилчдын нийгмийн асуудал, дотуур байрны тохижилтод ч гэсэн анхаармаар. Ер нь малчдад мөнгө өгөөд орхих биш, бэлчээрийн хангамж, худаг усны хүрэлцээ, мэдээ мэдээллийн хүртээмж зэрэгт улс хөрөнгө хаяхаас гадна гамшиг ослоос сэргийлэх, засаг захиргааны байгууллага мал төллөх цагаар дэмжиж туслах, шаардлагатай төсөл хөтөлбөрт өрхийн гишүүн бүрийг хамруулах гээд дурдаад байвал олон ажил хөдөөд хүлээгдэж байх шиг. Бие биенээсээ уялдаа хамааралтай энэ мэт ажлыг хөдөөд өрнүүлснээр өмнөх шилжилт хөдөлгөөнөө сааруулж чадаагүй байгаа Улаанбаатарын их нүүдлийг ямар нэг хэмжээнд хазаарлаж болох талтай. Зудны балгаар айсуй малчдын их цуваа өөрсдөд нь болон улс оронд урьдын шиг хүндрэлийг үүсгэх нь тодорхой тул гэр ачаалж, хэд гурван малаа зарж борлуулахаас өмнө амжиж, энэ үгийг малчдаа хүргэж байгаа минь энэ.

Saturday, May 1, 2010

Öàñíû “õàðøèë”

Би эмч биш л дээ. Гэхдээ нэг төрлийн харшил надад байна аа. Анагаах ухаан олж тогтоогоогүй болохоос ер нь олон төрлийн харшил гадуур дэгдэж, дэлгэрсэн байдаг бололтой дог шүү. Тэдгээрийн нэг нь надад туссан гэдгээ би хорь хүрч байж мэдсэн юм. Энэ харшлыг мэргэжлийн эмч юу гэж нэрлэхийг би мэдэхгүй ч, нэг нэр өглөө. Цасны харшил гэж. Энэ харшил яадаг юм бэ гэвэл их сонин. Цас орохоор эхэлдэг юм. Цас орно гэдэг цаг хугацааны хувьд намар болж таарч байгаа юм. Харшил хөдөлгөдөг тэр цас, цас дотроо нэлээд өөр. Түүний шинж тэмдэг андашгүй. Зөөлөн зөөлнөөр хаялна, хацар нүүрийг илбэнэ, сэтгэл зүрхийг хөвсөлзүүлнэ, яагаад ч юм баяр төрөөд байвал та бас надтай адил харшилтай гэсэн үг.
Зарим хүний “харшил” бороо орохоор хөдөлдөг гэсэн. Шүлэг найраг бичдэг улсынх навч унахаар сэдэрдэг гэдэг. Та ямар “харшилтай” юм бол. Энэ талаар бодож үзсэн үү? Ямартаа ч би цасны “харшилтай” юм билээ.

Ãýðòýý õàðèõ çàì

Гэртээ харих зам сайхан. Энэ замд үр хүүхдээ “өсгөж”, ижий ааваа “асарч”, хань ижлээ “хайрлаж”, байшин босгож, бас тавилга авч, ер нь л амьдралаа төлөвлөж, өнгө зүстэй болгодог миний зам. Олон олон төлөвлөгөө хаврын цэцэг шиг дэлгэрч, олон олон бодол намрын навч шиг хагдарч, олон олон дурсамж зуны бороо шиг цутгаж, олон олон мөрөөдөл өвлийн цас шиг лавсаж, намайг хөглөдөг зам.

Ханьдаа тэврүүлж, хүү охиноо үнсэх гэж яарсан миний зам. Энэ замаар олон хүн ирж буцдаг ч миний замаар хэн ч явахгүй билээ. Энэ замд улаан дээвэртэй тоосгон байшин босно. Маргааш нь олон өрөөтэй хувийн сууц сүндэрлэнэ. Нөгөөдөр нь хоёр өрөөтэй ердийн байр харагдана. Тасралтгүй үргэлжлэх гэртээ харих зам миний амьдралын зам. Хүүгээ өсч том эрийг болохыг, охиноо хань бүлтэй болж ижий болохыг энэ зам хөтлөдөг юм. Урт уртын бодол хөвөрсөн гэртээ харих зам ажилдаа очих замаас тэс өөр юм аа.

Ǻíòýé ç¿¿ä

Номинчулуун урд шөнийн зүүдээ хэсэг бодож гайхшрав. Өмнө нь ийм тод, тийм сонин зүүд зүүдлэж байгаагүй шиг санагдана. Бас өнгөтөөр зүүдлэснийг яана. Болж буй үйл явдал эгээ л кино. Галт тэрэг хаашаа ч юм довтлох аж. Цаг нөхцөөж хүмүүс урт замд гангар гунгар ярилцана. Тасалгаат вагонд нутгийн хийдийн гэсгүй Дармаа гуайтай таарчээ. Дармаа гуайд би харь улсыг зорьж буй тухайгаа хүүрнэж байх юм. Очиж үзээгүй улс, харьцаж сураагүй хүмүүс ямар байх билээ, би нэлээд зүрх алдаж яваа бололтой. Тиймээс би хэнд ч хэлээгүй нууцаа өвгөн ламд ярьж буй бололтой. Гэсгүй миний яриаг сонсож дуусаад, Чи энэ замаараа явбал ТЭМЭЭНИЙ БӨХНӨӨС ДЭЭГҮҮР амьдрах юм байна. Чи энэ замаас буцвал ТЭМЭЭНИЙ БӨХНӨӨС ДООГУУР амьдрах юм байна” хэмээн төлөг буулгаж байх юм гэнэ. Өвгөн ламын төлөг надад юу эсийг бодогдуулах билээ, би гэдэг хүн сэвхийгээд явчихаж байгааг бодоход эргэлт буцалтгүй бодсон санаснаа хэрэгжүүлэхээр болж байх шиг. Зүүдээ гэж...

Аз жаргалын “бонус”

Бурхан аз жаргалын “бонус” тарааж байна гэж та урьд өмнө дуулсан уу? Олоод авах юмсан гэж үү. Олоход амархан юм билээ. Харин ямар бонус вэ гэдгийг эхэлж асуусан нь зүгээр байх. Ямар бонус гэдгийг асуухын өмнө аз жаргал гэдэг маань яг юу билээ. Аз жаргалыг юу гэж тодорхойлох ёстой юм бол.

Өвчтэй хүнд өвчингүй байх, өртэй хүнд өргүй байх, гэр оронгүй хүнд гэр оронтой болох, мөнгөгүй хүнд мөнгөтэй байх, ажилгүй хүнд ажилтай болох нь аз жаргал мөн үү? Үгүй ядаж өвлийн гуталгүй хүнд өвлийн гуталтай болох нь аз жаргал гэж ойлгож болох уу эсвэл ажлаасаа таашаал авах, амьдралаас од шүүрэх, гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх гээд хүн бүр аз жаргалыг өөрийнхөөрөө ойлгодог. Ямартай ч аз жаргал гэж та юуг боддог, тэр чинь л аз жаргал. Харин “бонус” нь уу? Тэрхүү хүртэж мэдэрч чадсан аз жаргалаа хэр удаан хугацаанд аргамжих нь “бонус” юм шүү.

Бэлэг

Эрт урьдын цагт бурхан өгөөмөр гэхэд дэндүү өгөөмөр байжээ. Тэр цагт шөнө гэж байсангүй. Шөнө гэж байгаагүй болохоор хоног гэж байсангүй. Хоног гэж байхгүй болохоор сар жил гэж байсангүй. Сар жил гэж байхгүй болохоор цагалбар гэдгийг хүмүүс мэдэлгүй, үргэлжийн мөнхөд залуу сайхан хэвээр байдаг байж. Үхэлгүй мөнх болохоор хүмүүс аажуу тайвуу, дур зоргоороо амьдардаг байв. Нэг өдөр бурхан өөрийн алдааг санамсаргүй олж мэджээ. Түүний илгээсэн энэ бэлгийг хүмүүс юман чинээ тоохгүй байгааг анзаарсан байна. Тиймээс Бурхан хүмүүсийг ухаажиг хэмээн бодоод тэднийг бие барж таалал төгсгөдөг болгожээ. Тэр цагаас хойш шөнө бий болж, хорвоогийн тэнхлэг эргэдэг болж гэнэ. Хүмүүс цагалбар зохиож, ямар нэг юманд яарч тэмүүлж байх болж. Гэсэн хэдий ч бурхан өгөөмөр зангаа татсангүй. Хөгшин залуу, хар цагаан, дарга цэрэг гэж ялгалгүйгээр бэлэг тараасан хэвээр мянга мянган жилийг үдэж байна. Энэ нь гэгээн нарыг угтах буюу шинэ өдөр билээ.

Хадаас

Манайх зусландаа гарлаа. Хоёр хоногийн дараа хөршийнх маань нүүж ирэв. Хөрш гэж зэнзийрхэх ч юу байх вэ дээ. Гүнсэн гуайнх. Өвгөн эмгэн хоёр хоёулаа зан сайтай хүмүүс. Гүнсэн гэж махлаг шар өвгөн залуудаа гадаадад боловсрол эзэмшиж, тулхтай ажил эрхэлж явсан хүн гэсэндээ маниасаа хувь илүү. Уншсан дуулсан нь чамгүй их. Ямар ч сэдвээр ярихад цээжний пангаар бурна гэж үгүй. Энэ зохиолд өгүүлэхдээ гэх юм уу тэр зохиолч хэлэхдээ хэмээн иш татах нь миний мэддэг чаддаг юм хэр хэмжээнд болохыг илтгэнэ. Тэр тоолонд би гэдэг хүн багшаасаа хангалтгүй дүн авсан сурагч адил санагддагийг нуух юун. Зуны орой өвгөнтэй хуучилж суух ч сайхан шүү. Нэг өдөр өвгөн "хоёул зуслангийн замаар өгсөе. Энэ жил айл амьтан хэр нэмж буув. Ойр орчноо тандая" хэмээв. Би ч Гүнсэн гуайн àìûã äàãóóëæ хамтдаа алхлаа. Өвгөн байс гээд тонголзоно. Тэр тоолонд тахир муу хадаас авч шиднэ. Сүүлдээ миний сониуч зан хөдөлж: -Та яагаад наад хэдэн хадаасаа авч шидээд байгаа юм бэ гэвэл өвгөн-Миний машины дугуйнд зоогддоггүй юм аа гэхэд хэн нэгний дугуйг хагалж мэднэ хэмээв. Тэрхэн зуур миний тархинд нэгэн том ухаан õàäàãäàõ шиг болов.

Атаархуу сэтгэл

Цавчим өндөр уулнаас уруудаж урссан голын дэргэд хоёр лам гол гатлахаар ирэв. Нэг нь арай ахимаг, нөгөө нь хорь орчим насны залуу юмсанж. Хоёр ламыг гол дээр ирэх үед нэгэн эмгэн мөн гол гатлахаар ирсэн байв. Эмгэн тэд нар руу дөхөж ирээд:-Хүүхдүүд минь гол гаргаад өгөөч хэмээн гуйв. Залуу лам эмгэнийг үүрээд гол гаргав. Энэ явдлаас хойш хоёр жилийн дараа залуу нутаг усандаа алдартай, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн, эрдэм чадалтай лам болжээ. Үүнд атаархсан ахимаг насны лам бодов. Энэ хүү тэр өдөр эмгэнийг голоор үүрч гаргаснаас бүх хэрэг дэгдлээ. Би тийм ухаан сэтгэх минь яалаа хэмээн олон шөнө шаналж хонов. Атаархуу лам тэсгэл алдаж нэг өдөр залуу лам дээр очиж "Чи яагаад ийм эрдэм чадалтай болов? Бид хоёр адилхан хувхай хоосон хувраг байсан биш бил үү? Тэр өдөр чи эмгэнийг үүрч буян үйлдснээс ийм сайн лам болов уу? хэмээн асуужээ. Түүний хариуд залуу лам:-Би эмгэнийг нэг л удаа үүрсэн. Та эмгэнийг хоёр жил "үүрч" дээ хэмээн хариулсан гэдэг.

Гурван хүсэл

Хүү аав ээжтэйгээ цуг үзмэрчийнд очив. Хүү түүнд гурван хүслээ хэлжээ.-Би томоо машинтай болмоор байна.-Энэ хүслийг чинь аав чинь биелүүлчихнэ.-Тэгвэл би хөөрхөн дүүтэй болмоор байна.-Наад хүслийг чинь ээж чинь биелүүлчихнэ.-Аан . . . их дэлгүүрт байдаг шиг тоглоомуудтай болмоор байна. -Хүсэл чинь биелэнэ ээ, одоо гэртээ харь даа гэжээ. Сарын дараа ààâ нь хөвгүүд болгоныг хүсдэг, томоос том автомат удирдлагатай машин авч өгөв. Жилийн дараа тэднийх бүл нэмж, дөрвүүлээ болов. Харин гурав дахь хүсэл таг чиг. Хүү ч энэ үед үзмэрчтэй уулзсанаа хэдийнээ мартсан байлгүй яав гэж. Дунд сургууль төгслөө. Санхүүч мэргэжилтэй боллоо. Түүний эрхэлдэг бизнес байнга өсөх үзүүлэлттэй гарч байв. Тэдний компани гял цял болсон тоглоомын дэлгүүр шинээр нээж, баярын тууз хайчлав. Тууз хайчлах тэрхэн агшинд хүү үзмэрчээс юу гóйснаа эргэн санав. Хэдийгээр оройтсон ч гэлээ тэр "Баярлалаа" хэмээн дотроо хэлсэн юм. Үзмэрч олоон жилийн өмнө түүний ингэж хэлэхийг мэдэж байсан байж таарна.

Өөрт нь хайртай хүнд мөнгө хайртай байдаг юм

Багирмаагийн түрийвч байнга шинэ мөнгөтэй байх. Яаж ч хоосорлоо гэсэн түрийвчиндээ гар зүсэм 20 төгрөг ёс юм шиг үлдээнэ. Багирмаа элэгдэж хуучирсан хуучин дэвсгэртэд үнэн голоосоо дургүй. Халтар дэвсгэртийг түрийвчлэнэ ч гэж үгүй юм байх аа. Багирмааг анх ажилд орж байх үед тэдний ажил цалингаа бэлнээр тараадаг байв. Тэр үед нярав хүүхэн хоёул бие биенээ адтай маягтайгаар нь дуудаж, би чи дээ хүрч байсан удаатай. Сүүлийн хэдэн жил техник технологи хөгжиж, хүмүүс цалингаа автомат машинаас авдаг боллоо. Тэр тоолонд Багирмаа зэргэлдээх банк орж, тоотой хэдийгээ шинэ дэвсгэртээр солиулна. Тасралтгүй үргэлжлэх энэ амьдрал нэг л өдөр "тоормос" авав. Багирмаа ажлаасаа гарчээ. Жижигхэн мухлаг нээв. Зав зайгаар нь эчнээгээр сурч, мөнгөтэй харьцах ухаанд суралцав. Дараах арван таван жилд сүлжээ дэлгүүрийн эзэн боллоо. Ямар ч эрсдэл түүнийг тойрно. Гайхалтай. Түүнийг ийн амжилтад хүрснийг найз нөхөд нь "шинэ мөнгөөр аз дууддаг байх" гэлцэх. Үнэндээ Багирмаагийн амжилтын нууц гэвэл гүйлгээ ухаан, уйгагүй хөдөлмөр, тэвчээртэй чанар байсан юм.

Эргэж ирсэн хүүхэд нас

Аранжин яах ийхийн зуургүй уйлах нь ээ. Дөчин насны босго алхаж яваа эр хүн гадаа гудамжинд уйлж зогсвол харсан хүн гайхана биз дээ. Тэр арай л гэж биеэ барив. "Үгүй мөн. Яадаг хүүхэд вэ. Золтой л оночихсонгүй" хэмээн өөр зүйл бодох гэж оролдовч түрүүний явдал санаанд нь тодхон бууна. Аранжин энэ л замаар гэр ажил, ажил гэр хэмээн хэрэн явсаар хэдэн жил ч болсон юм бэ дээ. Ямартаа ч өнөөдрийнх шиг явдал учир тохиож байсан нь үгүй билээ. Тэрбээр уг нь гэрийн зүг алхаж явсан юм. Гэтэл түүний өмнө ган халбага, сэрээ нисч буух нь тэр. Түүнийг юу болоод байгааг ойлгох санаатай дээш харах зуур таван давхар байрны хоёр давхараас нэг хүү халбага, сэрээ нүүлгэж байдаг юм. Болсон явдал гэвэл ердөө л энэ. Хүн уйлаад байх юм энд юу байв гэж. Гэтэл Аранжин гэх энэ эр хар хүн уйлах л гэж байдаг. Гэхдээ Аранжингийн хувьд нулимс унагахаас ч өөр аргагүй юм. Учир нь тэрбээр дэлчгэр хөх хүү ахуйдаа гэрийнхээ бүхий л халбага, сэрээг тэсгээдэггүй нэгэн байсан юм. Яг л өнөөдрийн энэ хүү шиг. Тагтан дээрээ гарч зогсоод гэрийнхээ халбага, сэрээг шидэлснээс болж, ааваасаа алган боов хүртэж байсныг түүнээс өөр мэдэх хүн байх биш. Агшин зуур түүний хүүхэд нас биенд нэвчин орж, дэгдэн одов.

Даргын “цаг”

Дарга, хүүхэд байхын тохьтой томоотойгоороо дуулдсан нэгэн байв. Тэр хэрээр хичээл сурлагадаа гарамгай, нүүрэмгий ч гэж юу гэхэв. Дуулж бүжиглэнэ, лимбэ үлээнэ, сагсан бөмбөг сүрхий тоглоно. Илтгэлийн уралдаанд оролцоно. Ер нь л ангийн нүүр царай. Ангиар тогтохгүй дээ. Сургуулийн урдаа барьдаг цөөн хэдийн нэг нь. Уралдаан тэмцээнээс авсан цом өргөмжлөл, медаль тэргүүтэн түүнийг хэн болохыг илтгэнэ. Харин түүнд ганцхан дутагдал бий. Тэрбээр бугуйн цаганд үнэнхүү дуртай. Дэлгүүр хоршоо, зах зээлээр явахаараа өөрийн мэдэлгүй цагны тасгийн дэргэд оччихсон зогсож байх. Энэ зангаа засах юмсан гэж хичнээн оролдовч тэгэхээс тэгэх гэсэн юм шиг сонирхол нь давамгайлна. Сүүлдээ бүр интернетээр хэсч, мэдээлэл хайх болов. Оюутан болоход тэр цагны мэргэжилтэн болж хувирав. Дараах хэдэн жилд залуу тогтвортой ажилтай болж, өндөр цалинтай дарга болсон юм. Одоо түүний баялаг цуглуулгад алтлаг, мөнгөлөг, орчин үеийн, механик гээд янз янзын цаг бий. Дарга ямар хослол өмсөнө, түүнд зориулж цагаа сонгоно. Дарга нас бие хүрсэн хойноо өөрийнхөө хоёр дахь дутагдлыг илрүүлсэн юм. Тэрбээр цаг барьдаггүй зуршилтай нэгэн аж.

Залуу насыг шинжихүй

Аав нь хүүгээсээ асуув.-Энэ уул өндөр байна уу?-Өндөргүй юм аа ааваа-Энэ бүсгүй сайхан бүсгүй байна уу?-Хөөрхөн биш юм аа -Энэ морь догшин байна уу?-Номхон юм байна аа
Аав нь хүүгээсээ гучин жилийн дараа өнөө асуултаа дахин асуув.-Энэ уул өндөр байна уу?-Өндөр юм байна аа ааваа-Энэ бүсгүй царайлаг юм уу миний хүү?-Сайхан бүсгүй байна аа-Энэ морь догшин юм уу?-Догшин гэж жигтэйхэн юм аа ааваа хэмээн хариулжээ.

Хуучин “анд”-тайгаа уулзсан нь

Би түүнтэй уулзсангүй их уджээ. Хичнээн ч удсан юм бэ дээ. Уулзана гэж санасан ч үгүй явлаа. Дүү хүүгийн хуриман дээр саяхан таарлаа. Өнөө л байдгаараа, яг хэвээрээ. Зүс гундаж, царай алдсан шинжгүй харагдана. Хурим найрын хойморт байхыг бодвол их л хүндтэй зочны нэг бололтой. Үе үе харц тулгаравч тэр хойморт тухлаастай. Би үүдэнд ирсэн зочдын суудал зааж, тэдэнд үйлчлээд дуугарах ч сөхөө алга. Тэгсээр найр хурим жигдэрч уригдсан зочид халж миний "ажил" ч жигдэрч үүдэнд зогсох хэрэггүй боллоо. Нэг харах нь ээ хуучин танил маань энэ ч хүний ам руу зүүгдээд тэр ч зочны сэтгэлийг гижигдээд. Сүүлдээ бүр харахаас дургүй хүрээд, дүрс хийгээд явчих нь тэр. Олон жил уулзаагүй, уугаагүй гээд шилтэй цэнхэртэй дахин нөхөрлөлтэй биш ямар. Ширээгээр дүүрэн чихэр, жимс байхад арван нас хороогоод адаг сүүлд нь өөрөө цэвэрхэн нэртэй үлддэг чамайг тоохгүй байхаар шийдлээ.

Хайр нэхсэн хүүхэд нас

Тэлмэн, хар тэнхээгээрээ уйлна. Хэзээ ч, хэн ч түүнийг хайрлаж байгаа юм шиг санагдах нь юуных вэ? Энэ бодлоо эргэж бодохоор бүр ч их уйлмаар… Дүүг нь төрөхөөс өмнө Тэлмэн хэн байлаа? БУРХАН. Гэтэл одоо хэн болоод байна вэ? Түүнийг дагаж дүүг нь уйлна. Гэр дүүрэн уйлаан майлаан. Цээжний гүнээс сад тавьсан нулимс мөддөө татрах янзгүй. Ээж нь түүнийг үзгээ өгөлгүй дүүгээ уйлуулсан гэж буруутгасан аж. Тэлмэн өгөлгүй булаацалдсанаас дүү нь уйлж, уйлаан майлаан мандсан хэрэг. Олон удаагийн буруутан болох нь Тэлмэнд гомдолтой санагдана. Энэ айлд хэрэг мандаадаг дүү нь гэмгүй үлддэг жаяг тогтоод удаж байна. Дүүг нь төрөхөөс өмнө энэ айл ямар байлаа? Тэлмэнг унгахад нь хүртэл хөөрхөн, эгдүүтэйг нь гайхаж гэрээр нэг инээдэм болдогсон. Гэтэл одоо … Тэлмэн санан санан уйлна. Дуу чимээ дээд цэгтээ хүрэх үед аав нь гаднаас орж ирэв. Учрыг ойлгосон эцэг "Аав нь том хүүгээ дотроо, бага дүүг нь гаднаа хайрладаг юм шүү дээ" хэмээн хэлээд духан дээр нь үнсэв. Тэлмэнгийн дотор уужрав. Түүнийг бүх хүн хайрладаг юм шиг санагдах нь эцгийн хайр эгнэшгүйх. Тэр үүнийг бүрэн ухаараагүй. Гэхдээ МЭДЭРСЭЭН.

Цагийн юм цагтаа

Бурхан багш Хувь тавиланг дууджээ. Тэгээд Хувь тавиланд гурван даалгавар өгөв. Нэгд, доод тивд нэг эмэгтэй байна. Тэрбээр сайн ханьтай учирч, сайхан хүүтэй болохыг хүсээд байх юм. Чи тэр эмэгтэй нь хүслийг ёсоор болгоодох. Хоёрт, алдартай дуучин болох авьяас чадалтай нэг хүү байна. Түүнийг алдрын замд хөтлөөдөх. Гуравт, дэлхийд нэрээ дуурсгах гүйлтийн тамирчин болох охин байна. Тэр охиныг анхных нь дасгалжуулагчтай уулзуулаадах гэжээ. Хувь тавилан бүсгүйг олж очоод сайн ханьтай учруулжээ. Удалгүй бүсгүй хөл хүнд болов. Гэтэл тэрбээр хожмын өдөр жирэмсэн болох байлгүй хэмээн бодоод ажилдаа дэвшихээ эхний мөрт тавиад үрээ хөндүүлжээ. Алдартай дуучин болох залуу ийм онигор нүдтэй би яаж олны өмнө гарах билээ хэмээн сэтгээд давхараа хийлгэх мэс ажилбарт оров. Мэс ажилбар амжилтгүй болж, залуу эмнэлэг, шүүх цагдаагаар явж зарга шүүсэн нэгэн болж хувирав. Харин гүйлтийн тамирчин болох охин дасгалжуулагчтайгаа уулзахаас сарын өмнө хөлнийхөө майгаа арилгуулж сүмбэ шиг болгожээ. Үүнийг харсан Хувь тавилан Бурхан багшид очиж, энэ тухай өгүүлбэл "Чи хийдгээ хийсэн. Тэд биднээс туслалцаа гуйсан хэрнээ туслалцааг маань авсангүй. Одоо яая гэхэв. Цагийн юм цагтаа" хэмээн хариулжээ

Эцэг хүний хайр ид шидийг бүтээдэг-2

Хүү төрсөн цагаасаа эхлэн эхээсээ илүү аавдаа дотно. Аав нь эрхлүүлнэ ч гэж жигтэйхэн. Хүү өсч, арван сар хүрэв. Мөн л аав нь хоёр сарын томилолт авч, хөдөө явах болов. Аав нь хүүдээ хандаж, "Миний хүү аббагаа ирэхэд хөлд орчихсон байгаарай" хэмээн захьжээ. Аавын эзгүйд гэрийнхэн нь хүүг хөлд оруулах гэж нэлээд оролдов. Хүү юм түшиж зогсохоос хэтэрсэнгүй. Аав томилолтоос ирлээ. Хувцасаа тайлаад тухлаж ч амжаагүй байсан эцэг рүүгээ хүү хэд гурав алхангаа "АББА" гэх дөрөвхөн үсэгтэй үгийн их л тодоор хэлсэн юм даа.

Эцэг хүний хайр ид шидийг бүтээдэг-1

Хүү төрөх дөхлөө. Эмчийн хэлснээр бол сар хүрэхтэй үгүйтэй хугацаа үлдээд байдаг. Гэтэл аав хөдөө явах боллоо. Аав ээжийн гэдсэнд хошуугаа наагаад "Миний хүү аббадаа хүрээд ир. Абба нь ажилдаа явлаа" хэмээн хүүдээ хэлжээ. Ийн хэлснээр хойш хоёр хоног өнгөрлөө. Гурав дахь өдрийн оройноос эх дуншиж голомт сахих хүү төрлөө. Эх хүү хоёр ганц хоноод эмнэлгээс гарав. Тэр хоёрыг гарснаар гурав хоногийн дараа аав томилолтоор явах нь тэр. Эцэг хүний хайр ид шидийг бүтээдэг аж.

Хойтийн буян

Амар бүр гуньж орхив. Ганцхан өдөр ажиллаад ажилгүй болчихдог би ямар заяа нь орхисон амьтан бэ хэмээн өөрийгөө зүхнэ. Танил талаа гуйн байж, нэгэн архины цехэд ажилд орсон юм уг нь. Бас ч гэж болоогүй Гуулин улсад залуу насаа "зарсан" хүн гэсэндээ тэр өдөр хийдэлгүй ажиллаж, тэндхийн ажилчдад шагшагдаж гайхагдсаныг яана. Тэгэхээр сайн ажилласан гэж халаагүй нь лав. Арван минут хожигдсон маань халах шалтаг болов уу гэх зэргээр тал талын юм бодовч Амар асуултынхаа хариуг олсонгүй. Аз нь хаясан тэр өдөр Амар хойчийн буян бодож хэдийнээ насан өөд болсон ижийдээ ном уншуулсан юм. Тэр явдал суудлаа хойшлуулдаг байж хэмээн өөрийгөө жаал зэмлэв. Азгүй өдрийн тухай бодохгүй юмсан гэвч байн байн санаанд ороод намайг яагаад гэх асуулт хариулт нэхнэ. Уур бухимдлаа дарж ядан байтал гэнэт утас дуугарав.-Байна уу, Амар уу-Тийм байна. Хэвлэлийн газраас ярьж байна. Та надтай сарын өмнө тааралдаад номоо бэлэглэснээ санаж байна уу?-Аан, тийм-Би таны номыг уншиж үзлээ. Та манайд туршилтаар ажиллаад үзэх үү". . . Цааш нь юу ярьсныг Амар сайн санахгүй байгаа юм. Түүний тархинд "Ижий минь намайг тэнгэрээс хараа юм болов уу" гэх бодол зурсхийн орж ирэв.

Сэтгэлийн төгөл


Зулай зулайгаа гишгэж төрсөн, ихэр гэмээр хоёр хүүтэй айл байж гэнэ. Хөвгүүд нас биед хүрсэн хойноо эцэг эхээ хэрхэн баярлуулах вэ хэмээн ярилцаад өсөж төрсөн гэрийнхээ хашаанд мод тарья гэдэг дээр санал нэгджээ. Ах нь ''Би мөнгө санхүүг нь даая, чи тарь гэж гэнэ. Дүү нь хаврын турш ноцолдсоор хашаагаа бараг л цэцэрлэгт хүрээлэн болгов. Их ажлын ард гарсны ах нь "Би мөнгө төгрөг гаргаснаас биш ганц ч мод тарьсангүй. Миний энэ үйл талархал хүлээхгүй нь'' хэмээн бодож гэнэ. Харин дүү нь"Би энэ хэдэн тарьсанаас ширхэг зоос ч гаргасангүй. Энэ яав ч сэтгэлийн өглөг болж чадахгүй нь'' хэмээн тунгаагаад гутарч гэнэ. Ах дүү хоёр нэг өдөр уулзаад өөр өөрийн бодлоо ярьж дээ. Тэгээд хэнийх нь үйл эцэг эхийнх нь талархалыг хүлээх эсэх дээр хариулт олж чадсангүй. Тиймээс маргааныг таслуулхаар нэгэн ухаантай хүнийг олж уулзан учраа хэлжээ. Тэр хүн "Та хоёрын үйл аль аль нь агуу юм. Хүүхдүүд минь өөрөө өөрийгөө буруутгаад хэрэггүй. Энэ бол зүгээр л сэтгэлийн юм. Ижий аав хоёр чинь та хоёр шиг хөвгүүдтэйгээрээ бахархаж байгаа" гэсэн гэдэг юм шүү.