Sunday, July 25, 2010

Алдаа

Алдаа мандтугай. Алдаа гаргадаг хүн бүрт талархнам. Алдаа гаргадаггүй хүн бүрийг үзэн яднам. Бурхан алдаа гаргах эрхийг хэнд ч өгөөгүй. Гэхдээ алдаж ононо гэдэг хүний хувь төөрөг. Хэн ч хувь төөргөөс гажих эрхгүй. Алдааг өөгшүүлж алга ташиж утгагүй. Гэхдээ хүн гэдэг амьтан алддаггүй байсан бол хэн байх байсан юм бол. Төсөөл дөө. Чухам юу төсөөлөгдөж байна вэ? Даргадаа тал засч гүйгээд л, хэн нэгний алдааг дөрөөлж яриад л, архи уудаг нэгнээ жийгээд л, уруудаж яваа нэгнийгээ хүний тооноос хасаад л...Бид биш бигийн ертөнцөд амьдарч явна гэдэг юутай өрөвдөлтэй. Бодохоос аймаар. Алдаа гаргадаггүй хүн хамгийн өөдгүй амьтан байж таарна. Бусдын улыг шагайж, муу муухайг нь анзаарч, тэднээр элэг доог хийж, бах таваа хангаж амьдардаг байх байсан биз. Хамгийн гэнэн, хамгийн ухаантантнууд л алдаа гаргаж, нийгмийн хог шаар болж амьдрах хувь тавиланг зөвшөөрөөгүй бурханд баярланам. Алдаа гаргаж, алдсанаа засч, шинийг төрүүлдэггүй бол ертөнц хаа чиглэх байсан бол. Хүн төрөлхтөн хэн байх байсан бол. Бурхан ухаантай юм. Бусдын алдааг уучилж чаддаг, хань нөхөр, үр хүүхэд, анд нөхөдөө алдаа гаргахыг зөвшөөрч чаддаг байх энэрэнгүй сэтгэлийг бидэнд хайрлаж. Тэгэхээр алдаа гэдэг нь хүний мөс чанарын нэг хэсэг болж таарч байх шиг. Уруудаж өгсөж, унаж тэнцэж, хальтарч бас өндийдөг нь хүн өөрөө. Хэн ч байсан хүний амьдралын төөрөг жамаар л амьдарна. Алдана. Эцэст ухаажина. Тэр цагт бусдыг ойлгоно, амьдралыг танина.