Thursday, November 4, 2010

Хандлага

Хандлага гэдэг үгийг хальтхан сонсоход хэт албархуу, ихэд хуучны сонсогдож магад. Гэлээ ч энэ үгний цаад мөн чанарыг ухаж уншваас бүх ажлын эхлэл гэдэг нь ойлгогдоно. "Ямар үр тарина, тийм тариа хураана" гэдэг шиг "Ямар хандлага тогтооно, тийм үр дүн харна" гэж хэлж болмоор. Нэгэнтээ их жанжин Д.Сүхбаатар "Аливаа хүн сурах чигийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно" хэмээн хэлсэн байдаг. Социалист тогтолцоонд "үүрэг"-ээ хангалттай биелүүлж, олны дунд цээжээр мэдэх хэдхэн гол афоризмын нэг нь энэ хэллэг яах аргагүй мөн. Ер нь дан ганц сурах бус, хувь хүн болоод нийгмийн тогтолцоонд хандах зүг буюу зөв хандлага тогтооно гэдэг тун чухал гэдгийг хүн төрөлхтөний түүх өгүүлдэг. Буруу хандлага, буруу урсгал гэдгийг нийгэмд амаа авч давхисан морьтой адилтгамаар. Хичнээн хойноос нь хөөж, хөөцөлдөж байж эмнэг морийг эргүүлдэг билээ, түүнтэй адил нийгэмд нэг л буруу ойлголт, буруу төлөвшил тогтох аваас залж залруулахад ихээхэн хэмжээний мөнгө төгрөг, цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулж байж хазаарлаж таарна. Зах зээлд шилжсэн сүүлийн хорин жилд бид ардчиллыг "аргамжиж" чадсан гэх боловч бодит хөрсөн дээр буусан уу, өнгөн хөрс суусан уу гэдэг нь тун эргэлзээтэй. Манай иргэд "Эрх мэдэлтэй хүмүүст хууль үйлчдэггүй, энгийн иргэдэд хууль үйлчилдэг нь хаанахын ёс вэ" хэмээн бухимдсаар хорин жил өнгөрлөө. Шударга биш төр, шударга биш шүүх, шударга биш тогтолцоонд "мутацлагдсан" иргэд "Сохрын газар сохор, доголонгийн газар доголон" хэмээн зохицож амьдрахаас өөр аргагүйд хүрч байна. Ардчилал амьдрал дээр бус албан цаасан дээр оршиж байна гэдгийг тэдэнд амьдрал жилээс жилд яс, махандаа тултал мэдрүүлэх болсон. Уг нь гадны ямар ч улс манайхыг шинжихэд "Байнгын парламенттай, ардчилсан сонгуультай, шүүх засаглалтай, чөлөөт хэвлэлтэй" гээд харуулж үзүүлэх юм олонтой. Гэвч өнөөдөр манай улсын нийгмийн чиг хандлага гадаадынхны нүдээр хардагтай адилгүй байна. Хамгийн гол нь нийгмийн итгэлийг эвдсэн энэхүү хандлагыг хэн төрүүлж, төлөвшүүлж байна вэ гэдэг асуулт эндээс ургана. Улс төрчид гээд эрс шулуухан хэлчихэд нэг их буруудахгүй байх. Эрх мэдэлтнүүдийн хүрээллийн ихэнх жинг улс төрчид дардаг. Тэд өнөөдөр манай нийгмийн тэргүүлэгчид гэдгээ ойлгохгүй байгаа юм уу эсвэл ойлгосон ч ойшоохгүй байгаа юм уу, тэдний үйл үйлдэл олонход, цаашилбал, нийгэмд хамгийн их сөрөг хандлагыг төлөвшүүлж байгаатай уншигчид санал нэгдэх биз ээ. Нийгэмд их хариуцлага үүрч, тэр хэрээр үлгэр дуурайл болох учиртай эдгээр хүмүүс улсын хөрөнгийг идсэн шиг, парламентаараа хэлэлцсэн хуулийг дур мэдэн өөрчилсөн шиг, улсын ганц унаа МИ-8 тэргээр үнэг авласан шиг, тендерээр зарлагдсан бүтээн байгуулалтыг үрэн таран хийсэн шиг сууна. Хүн алдаж болно. Улс төрч гэхээр алдаа гаргадаггүй, бодгаль байх албагүй. Гэлээ гэхдээ хуулийн өмнө эрх тэгш байна гэсэн зарчим хаана оршиж байна вэ? Арван мянган төгрөг хулгайлсан ганц бие, ядарсан бүсгүй давтан үйлдэлдээ арван жилийн ял авч байхад татвар төлөгчдийн мөнгийг тэрбум тэрбумаар салхинд хийсгэчихсэн эсвэл хувьдаа завшчихаж байгаа хүн яагаад хариуцлага хүлээхгүй байна вэ? Улс төрчидтэй холбоотой олон арван хууль бус үйлдэл ар араасаа цуварч байгаа ч хэн нь ч өнөөдөр хуулийн өмнө толгой гудайсангүй. Ардчилалын зөөлөн салхийг сэвэлзүүлж анхдагч, алтан хараацай тодотголыг зүүж байсан эрхмүүд өнөөдөр буруу гарын жишээ болж, шинэ жишиг, шинэ хандлагыг төрүүлснээрээ мөн л түүхийн хуудсанд нэрээ мөнхлөх нь тодорхой болоод байна. Хууль ёсыг магнайдаа залсан олонх оронд улс төрчид хууль бус үйлдэл гаргах нь битгий хэл, үнийг тогтвортой барьж чадаагүй, сангийн мөнгөөр 2-3 кино интернэтээс татаж үзсэн, олон нийтийн газар биеэ соёлтой авч яваагүй, машинаа зогсоолгүй газар орхисон, нийтийн эзэмшлийн газрын мод бутнаас тайрсан гэх зэрэгт л суудлаасаа огцорч, татвар төлөгчдөөс уучлалт гуйж, төлбөр торгууль төлж байх юм. Гэтэл манай улсад төсвийн шамшигдуулалт, тендэрийн будлиан, банкны дампуурал, гадаадынхантай сүлбээтэй залилан гээд эрх мэдлээ хэтрүүлэн ашигладаг явдал улам газар авсаар. Улстөрчидтэй холбоотой дуулиан нийгэмд үе үе тархана. Дараахан нь яаж зүгээр байх вэ гэсэн шиг шүүх, цагдаа болж бөөн сүрийг үзүүлнэ. Хамгийн инээдтэй нь, шүүхийн шийдвэр "Би буруугүй" гэсэн хувь хүний мөчөөрхөлөөр төгсдөгийг жирийн иргэд мэддэг болсон болохоор ээлжит хэрэг явдалд төдийлөн анхаарал хандуулахаа больж, болдог юм болж байгаа мэтээр хүмүүс хүлээж авдаг болсон. Учир нь, эцсийн эцэст хэн ч ямар хариуцлага хүлээхгүй гэдгийг мэдэж байгаа болохоор тэд "цайны хачир"-т хэн нэгнийх нь түүх ярьж хууч хөөрч суух. Ер нь шүүх, цагдаа хүчний байгууллагад дуудагдсан хүн нэг бол эрх мэдэлтэй байх хэрэгтэй. Нөгөө бол мөнгөтэй байх хэрэгтэй гэдгийг нийтээрээ ойлгодог болсон. Эрх мэдэл, мөнгө хоёр цугтаа байхад хуулийг аалзны шүлс шиг л сэт татна. Аль нэг нь байхад багахан торж гацна. Аль аль нь байхгүй бол "аавын хаалга" татна, амьдрал тань дуусна гэсэн үг. Шүүх цагдаагийн шийдвэрт сэтгэл дундуур, голоо тасартал гомдож яваа хүн Монголын нийгэмд даанч олон. "Хамсаатан нь хэрэгтэн болж, хэрэгтэн нь цагааддаг "хууль" манайхаас өөр оронд байдаг болов уу" гээд шогширч байгаа хүмүүсийг орой бүр зурагтаар харсаар бүр ижил дасал болох нь. Өнөөдөр төрийг мөнгө болгож хардаг, мөнгө гэж төсөөлдөг, төрөөс мөнгөний суваг татах сонирхолтой нэг үеийнхэн айсуй. Эрх мэдэлд шунан дурлагсадын бүхэл бүтэн давхарга бий болж, улс төрчдийн хормой хотноос зүүгдэн аль нэг нам, бүлэглэлийн харьяалалд багтаж "лифт"-ээр өндөрлөгт гарах гэсэн залуусыг буруутгах аргагүй. Яагаад гэвэл тэдний өмнөх үе буюу дунд эргэм насныхан ийм л дуурайллыг үзүүлж байгаа юм чинь. Ирэх жил сонгуулийн жил. Он гарангуут улс төрийн идэвхижил хаа сайгүй сайжирч, гонжоор гоёж, үнэтэй цаг, гар утсаар өөрийгөө тодорхойлж, том хар цүнх барьсан охид харчууд олширно. Учир нь, дөрвөн жилд ганц тохиох боломжийг ашиглах гэж имижээ бүрдүүлж байгаа нь тэр. Манай залуус бизнес эрхэлж, "шатаж", тархи, мэдрэлээ чилээж амьдрахыг хүсэхгүй байна. Төсвийн багахан цалингаар даруухан амьдрахыг сонирхохгүй байна. Гадаад явж боолын хөдөлмөр эрхлэхийг тэвчихгүй байна. Зээл хөөцөлдөх, эмнэлэгт үзүүлэх, шүүхээр заргалдах, ажилд орох гээд бүх асуудлыг эрх мэдэл хэмээх "шидэт дохиур"-аар шийдэж чаддаг байх нь тэдний эрхэм зорилго болж байна. Ядаж л эхнэрээ төрөхөөр эмнэлэгт очиход "Энд би хэнийг таних билээ" хэмээн царай хүрлийж суух шалдан банди байхыг хэн ч хүсэх билээ. Ажилтай, амьдралтай, алдартай аавын хүү байхыг хүснэ. Залуус маань зөөлөн суудалд тухлаж, их мөнгө атгаж, олон балиашиг дагуулах нь мөрөөдөл нь болж, тэр цар хүрээгээр хэн хэрхэн яаж амьдарч болдгийг харуулмаар байгаа. Тэднийг буруутгах аргагүй. "Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг" гэдэг дээ. Хорин жилийн ардчиллын ард нуугдсан хар сүүдэр манай улсыг хаахна аваачдаг бол гэдэгт сэтгэлд эмтэрнэ. Хойчийн Америк уу эсвэл Африк уу гэдгийг одоо хэлэхэд эртдэх ч энэ цагт цагийн өнгийг тольдоход илүүдэмгүй санагдана. Юутай ч бидний амьдралд бодитойгоор оршсон ийм нэг төрлийн хандлага ирэх хэдэн жилд "цэвэрших" дүр зураг харагдахгүй л байна даа.