Monday, April 11, 2011

Пашка

Баатар хориод жилийн дараа нутагтаа ирэв. Олон жил нутагтаа очоогүй түүнд галт тэргээр явсан арав гаруй цаг их л удаан санагдав. Галт тэрэгний буудалд хөл тавихад говь нутгийн зуны орой ямар байдаг билээ, тийм л сайхан дулаан агаар өөдөөс угтах нь тэр. Нутгийн агаараар цээж дүүрэн амьсгалах юутай сайхан. Хүний нутагт амьдарсан он жилүүдэд ийм л мэдрэмжийг мэдрэхсэн гэж тэр их ч хүссэнийг хэлээд яахав. Баатар хавь ойрд байх хүмүүсийг гүйлгэж харвал таних хүн нэгээхэн ч алга. “Нээрээ одоо ч таньж мэдэх хүн ховордоо биз дээ” гэж тэрээр өөрөө өөртөө хэлэв. Нутаг усандаа ирсэн хүн гэхэд таньж мэдэх хүн харагдахгүй байгаа нь гомдолтой ч юм шиг. Харин Баатарыг галт тэргэний буудал хүүхэд байхын л ийм л байсан, тэр л янзаараа байгааг олж харав Өөрчлөгдсөн зүйлгүй байгаа нь хөгжил дэвшил хаахнуур нь өнгөрсөн юм болдоо гэж бодогдохоор ч бас хуучин янзаараа байгаа нь танил дотно сайхан ч юм шиг. Буудлыг саяхандаа будсан болов уу гэмээр арай гэгээтэй харагдана. Түүнээс нэмж барьсан, засч шинэчилсэн тэнд байсангүй. Баатар цааш хэд алхтал хэн нэгэн хүн “Баатар аа” хэмээн ихэд тод дуудав. Түүнийг эргэж харвал Пашка. Пашка гэж ой санамж муутай энэ эр намайг таньж байгааг бодоход нутаг усаа би мартаагүйтэй адил намайг ч мөн мартаагүйг мэдрэв.

Нүүдэл

Нөхөр бид хоёр хэдэн жил хуруу хумсаа хуйхлан байж хэдэн бор юм хураасных өдрийн бодол, шөнийн зүүд болсон байраа худалдан авахаар болов. Тэгээд өдөр судар товлож нүүж суух ажилтай гэр орныхоо юмыг хайрцаг саванд баглаж эхлэв. Гэхдээ нүүхийн өмнө таван ханатай гэрээ зарж, хэдэн төгрөгийг нь байрандаа нэмэрлэх бас нэг том ажил дутуу байлаа. Тиймээс сонинд зар өгөв. “Яанаа ийнээ зарагддаг болов уу, яадаг бол” хэмээн сэтгэл түгшиж байсан ч бидний санаснаар болж эхний үзсэн хүн манай гэрийг авахаар болов. Өнөөх айл мөн л өдөр судар үзэж, цаг нар товлож байж авна гээд яваад өгөв. Товлосон өдөр ч болж, бид хэдийг дөнгөж орноосоо өндийж байтал хашааны гадаа сигналдав. Хаалга нээтэл гэр ачаалах том тэргээс гадна жижиг тэрэг байх аж. Тэрхүү жижиг тэргэнд гэр авах эхнэр нөхөр хоёрын хэн нэгнийх нь ээж аав бололтой хоёр настай хүн хамт ирсэн байв. Тэдгээр улс гэрт орж, хэсэг суусны дараа хойморт орших бурханд хадаг, архи тэргүүтнийг тавьж, хүүхдүүдэд маань мөнгө, чихэр тэргүүтнийг тараав. “Наймаа хийх гэж байгаа улс гэрээ буулгаж аваад явна биз” гэсэн бодолтой суусан нөхөр бид хоёр тэрхэн зуур барьц алдаж, “Ийм ёс жудаг байдаг бил үү“ хэмээн бодогдоход хүрэв. Эвгүй байдалд орсон бид ч айлын хүмүүсийг гэрээ ачаалж хөдлөх үед сүү өргөж, “Буянаа өгсөн гэрт минь он удаан жил сайн сайхан амьдарах болтугай” хэмээн ерөөл өргөх нь тэр.

Эмээ

Дандар хар гүйхээрээ явсаар гэртээ ирэв. Гутал хувцсаа хам хум тайлаад түрүүнээс хойш нүдэнд нь харагдаад байсан өнөө зургийг олж үзэхээр гэрэл зургийн цомгоо шургуулгаасаа гаргаж, яарангуй нь аргагүй хуудас бүрийг эргүүлэв. Олон жилийн өмнө авахуулсан эмээтэй хамт авахуулсан тэрхүү гэрэл зургийг удаан гэгч нь харахад Дандар өөрөө өөртөө гэмших сэтгэл төрөв. “Эмээгээ дутуу мэддэг байж дээ” хэмээн бодох зуур Санчирын ярьсан яриаг эргэн санав. Тэр хоёр нэг байранд төрж өссөн үеийн хүүхдүүд. Санчир үе үе зодоон цохион хийчихдэг хөдөлгөөнтэй хүүхэд байж билээ. Дандарыг ажлаа тараад харьж явах замд Санчир тааралдаж, ойрын тоонд уулзаагүй тэр хоёрт ярих яриа багагүй байв. Гудамжинд зогсон ижий аав, найз нөхөд, айл аймаг явсан хүмүүсээ сураглах зуур Санчир ийн ярьв. “Би нэг удаа зодоон хийгээд, цагдаад хөөгдөж яваад өөрийнхөө байрнууд дунд ороод ирдэг юм. Яагаад ч юм танай орц руу гүйхээрээ ортол эмээ чинь хаалгаа нээгээд зогсож байдаг байгаа. Би гэдэг хүн харцаганд хөөгдсөн болжмор шиг год гээд оролгүй яав гэж. Хожмоо бодоход, танай эмээ хүүхэд насны минь гэнэн томоогүй занг хэдийнэ ойлгож ухаарсан ихэд ухаантай хүн байж дээ гэж бодогддог юм. Хүүхэд байхад жаахан дэггүйтээд л биз, юуных нь хорон байгаа аж” хэмээн ярьсан түүний яриа Дандарын дотрыг давчдуулахын зэрэгцээ эмээгийнхээ тухай ийм сайхан түүх сонссондоо ихэд баяртай байв.

Сүлд мод

Жим компанийн захирлын өрөөнд нэгэн хижээл хүн орж ирэв. Тэр эр “Таньд талархал илэрхийлэх гэсэн юм” гэснээр яриагаа эхлэв. Захирал ихэд болгоомжлонгуй хижээл эр рүү харав. Өнөөх эр цааш нь ийн өгүүлэв. “Танай компани хорин жилийн өмнө төв талбай дээр сүлд мод зассаныг та лав тодхон санаж байгаа байх. Тэр шинэ жил эхнэр бид хоёрын амьдралд эргэлт авчирсан жил байсан юм. Бид гэрлээд зургаан жил өнгөрсөн ч үр хүүхэдтэй болохгүй байлаа. Тиймээс би эхнэрээсээ салах тухай боддог болчихоод байсан үе. Гэтэл нэг орой эхнэр маань утасдаад ажил тарсаны дараа төв талбай дээр зассан сүлд модыг үзье гэлээ. Би төдийлөн дуртай байгаагүй ч үгүй хэлж чадсангүй. Биднийг очиход ямар сайхан сүлд мод угтсан гээч. Хүүхдүүдийн хийсэн тоглоом чимэглэлээр чимэглэж, өнгө өнгийн гэрлээр гэрэлтүүлсэн урьд өмнө нь хэзээ ч үзэж байгаагүй тийм сайхан гацуур угтсан юмдаа. Төдөлгүй манайх гэдэг айл хүүтэй болов. Эхнэр бид хоёр, олон арван хүүхдийн хүсэл мөрөөдөл, ур ухаан шингэсэн тэр модонд очсоноор хүүхэдтэй болсон гэж одоог хүртэл ярьдаг юм” гэснээр яриагаа өндөрлөв. Компанийн захирал олон тооны шагнал хүртэж байсан ч үүн шиг том шагнал хүртэж байгаагүй шиг санагдав.