Saturday, May 1, 2010

Ãýðòýý õàðèõ çàì

Гэртээ харих зам сайхан. Энэ замд үр хүүхдээ “өсгөж”, ижий ааваа “асарч”, хань ижлээ “хайрлаж”, байшин босгож, бас тавилга авч, ер нь л амьдралаа төлөвлөж, өнгө зүстэй болгодог миний зам. Олон олон төлөвлөгөө хаврын цэцэг шиг дэлгэрч, олон олон бодол намрын навч шиг хагдарч, олон олон дурсамж зуны бороо шиг цутгаж, олон олон мөрөөдөл өвлийн цас шиг лавсаж, намайг хөглөдөг зам.

Ханьдаа тэврүүлж, хүү охиноо үнсэх гэж яарсан миний зам. Энэ замаар олон хүн ирж буцдаг ч миний замаар хэн ч явахгүй билээ. Энэ замд улаан дээвэртэй тоосгон байшин босно. Маргааш нь олон өрөөтэй хувийн сууц сүндэрлэнэ. Нөгөөдөр нь хоёр өрөөтэй ердийн байр харагдана. Тасралтгүй үргэлжлэх гэртээ харих зам миний амьдралын зам. Хүүгээ өсч том эрийг болохыг, охиноо хань бүлтэй болж ижий болохыг энэ зам хөтлөдөг юм. Урт уртын бодол хөвөрсөн гэртээ харих зам ажилдаа очих замаас тэс өөр юм аа.

1 comment:

  1. Гэртээ харих зам яагаад ч юм дөт, гэгээлэг санагддаг. Эргэн тойрны бүх юм танил. Харин ажил руу ирж яваа зам нэг тийм тойруу, бартаатай... хэхэ. Уул нь бол нэг л зам шүү дээ.

    Гэхдээ ажилдаа яарч ирээд, гэртээ яарч харьдаг хүн хамгийн жаргалтай гэдэг. Энэ хоёр зам 2-ула дардан байвал тээ.

    ReplyDelete