Thursday, May 13, 2010

Хариу "нүүдэл" юу вэ?

БНСУ-ын Хууль зүйн яам, Цагдаагийн газар хууль бусаар ажиллаж амьдарч буй гадаадын иргэдийг эх орноосоо албадан гаргах болсноо саяхан албан ёсоор зарлав. Тус улсын хууль бусаар ажиллаж амьдарч буй гадаадын иргэдийг эх оронд нь албадан буцаах гэсэн жинтэй шийдвэр энэ сарын 6-наас наймдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд үргэлжлэх гэнэ. Энэ оны арваннэгдүгээр сард болох "G20 " буюу Их 20-ийн уулзалт Сөүл хотод болохтой холбогдуулан тухайн үеийн аюулгүй байдал, террорист халдлагаас хамгаалах зорилгоор уг шийдвэрийг гаргажээ. Мөн Өмнөд Солонгос улсад хууль бусаар ажиллаж амьдарч буй гадаадын иргэд сайн дураараа эх орон руугаа буцах бол ямар нэгэн торгууль оногдуулахгүйгүйгээр үл барам, БНСУ-д дахин нэвтрэх эрхийг хаахгүй аж. Харин хяналтын байгууллагын шалгалтаар баригдсан тохиолдолд тус улсад дахин ирэх эрхийг таван жилээр хааж, хоёр сая хүртэлх воны торгууль оногдуулахаар болов. Тус улсын эрх баригчид өөрийн орны үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд ч гэсэн эдийн засгийн арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Энэхүү мэдээ олон монгол хүний зүрхэнд шар ус хуруулав. Солонгост тогтож суурьшсан нэгний хувьд "за яахав, баригдахдаа хүрвэл нутаг буцна даа" гэсэн бодолтой байдаг юм гэхэд ах дүү, аав ээж, найз нөхдөөс ам өчгөө өгөн байж гуйсан, зээлсэн, орон байраа ломбардсан, банкны зээлэнд тавьсан нэгний хувьд баривчилгаа гэдэг ёстой л гэгээн өдөр аянга цахилсантай адил хэрэг юм. Баривчлагаа үргэлжлэх гурван сарын хугацаанд хэдэн хүн ганзага хоосон, сэтгэл гундуу, өрийн данстай эх орондоо ирэхийг одоо тааж хэлэхэд эртэднэ. Гэхдээ Гуулин улсын эрх баригчдын гаргасан шийдвэрийн хариуд манайхны улс төрчид ямар "нүүдэл" нүүдэг юм бол. "Баригдсаны чинь хохь, хэн та нарыг хууль бусаар тэнд ажиллаж амьдар" гэсэн юм гэсэн шижээргүй зан гаргах уу эсвэл "монголдоо ирээд яаж амьдарна даа, нэгийг бодьё, хоёрыг сэтгэе" гэх нь үү. Ямартай ч энэхүү асуултад одоогоор тодорхой хариулт олно гэхэд итгэл муутай. "Гадаад шилжилт хөдөлгөөн Монголд багагүй хөрөнгө оруулдаг. Улс орны эдийн засагт сайн нөлөөлдөг" хэмээн ярих дуртай манай улс төрчид, эдийн засагчид хүний газарт, гүний хошуунд ахуй амьдрал, эрүүл мэнд, үр хүүхэд гээд олон зүйлээ орхигдуулж ирсэн элэгт нэгтнүүдээ энэ л үед нь эргэж хармаар байгаа юм. Хилийн чанадаас сайн дураараа болон хөөгдөж туугдан ирж буй иргэдийн хувьд ирээд ажлын байр байхгүй, тэнд сурсан мэдснээ ашиглая гэхэд санхүү мөнгөний бололцоо хүрэлцдэггүй, жижиг, дунд үйлдвэр, үйлдвэрлэл эхлүүлье гэхэд тэднийг дэмжсэн төр засгийн бодлого гэхээр юм өнөөдөр алга байна. Ерөнхийдөө эргэн нийгэмшүүлэх хөтөлбөр гэж үндсэндээ манай улсад байдаггүй. Тиймээс өнөө л дасаж дадсан аргаар буюу ямар нэгэн байдлаар эргэж хилийн дээс алхахыг манайхан илүүд үздэг. Тухайлбал, өнгөрсөн онд хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн 62 гэмт хэрэгт 74 хүн ял шийтгүүлжээ. Сүүлийн жилд улсын хил хууль бусаар нэвтэрсэн иргэдийн 26 нь буюу 35.1 хувь нь эмэгтэйчүүд, ял шийтгүүлэгчдийн 65 нь буюу 87.8 хувь нь эрхэлсэн тодорхой ажил, сургуульгүй хүмүүс байжээ. Түүнчлэн 4 оюутан хууль бусаар хил давсан гэмт хэрэг үйлдсэн байдаг. Энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн 55.4 хувьд нь хорих ял, 20.2 хувьд нь баривчлах ял, үлдсэн хувьд нь бусад төрлийн ялыг шүүх оногдуулсан байна. Хил хууль бусаар нэвтрэгчдийн 58.1 хувь нь 18-29 насны залуус байгаа бол 63.5 хувь нь бүрэн дунд боловсролтой хүмүүс байв. Улсын Дээд шүүхээс гаргасан энэхүү статистик тоог харахаар, монголчууд юуны учир харь улс руу тэмүүлээд байна вэ гэх асуулт эндээс ургана. Тэд монголдоо байхад ажил олддоггүй, хангалттай цалин хөлс авдаггүй гэх улиг болсон дээрх шалтгааныг сөргүүлэн тавих биз. Тэгэхээр төр засаг иргэдээ хууль бус зам руу түлхэж болмооргүй байгаа юм. Сүүлийн үед манай иргэд өөрсдийгөө эрсдэлтэй байдалд оруулж, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг ялангуяа хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч, хар тамхи, мансууруулах бодис зөөвөрлөдөг зөөгч, түгээгч болсон. Иймд гадаадад буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, нэгдсэн мэдээллийн баазтай болох, тэгснээр бүртгэлжүүлж хэн, хаана ажиллаж амьдарч байгааг мэдэж судлах боломжтой болохын дээр элчин сайдын яамны дэргэд хүний эрхийн асуудал хариуцсан ажилтантай байх нь зүйтэй байгаа юм. Ганц өнцгөөс нь харвал гадаадад ажиллаж буй монголчууд эх орондоо хөрөнгө оруулж буй хөрөнгө оруулагч яах аргагүй мөн. Харамсалтай нь харьд ажиллаж амьдарч буй тэдгээр иргэний эрх ашгийг бүрэн дүүрэн хамгаалах явдал орхигдсон хэвээр 20 жил болж байна. Өнөөдөр манай улсаас албан ёсны гэрээт ажиллах хүч авдаг гурван орон байдаг нь БНСУ, Япон, БНЧУ юм. Албан тоогоор 80 оронд 100 гаруй мянган иргэд байдаг гэх. Харин албан бус тоогоор 140 оронд 300 гаруй мянган иргэн ямар нэг хөдөлмөр эрхэлж, сурч байгаа. Манай улсаас ажиллах хүч авч буй гадаадын улс орныг БНСУ тэргүүлдэг бөгөөд тэнд ажиллаж амьдарч буй монгол иргэдийн 60 хувь нь албан ёсны гэрээгээр хөдөлмөр эрхлэдэг аж. Энэ улсад хөдөлмөр хамгааллын журам зөрчигдөж, хоёр орны гэрээний биелэлтэд тавих хяналт сул байснаас 2004-2007 онд 326 хүн амь насаа алджээ. Гадаадад ажиллах хүч гаргахдаа эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулж эрүүл хүнийг сонгон явуулдаг. Гэхдээ гэрээний хугацаа дуусч 3-5 жилийн дараа эх орондоо ирэхэд эрүүл мэндийн хувьд ямар нэгэн өвчтэй болж ирдэг байна. Гэлээ ч монголчууд хор хохирлыг үл тоон гадагш тэмүүлсээр. Уг нь "Эргээд ирэхэд ээж сайхан, эргүүлж мөлжихөд хүзүү сайхан" гэдэгсэн. Гадаадад хуулийн дагуу болон хууль бус замаар ажиллаж амьдарч буй олон монгол нүүрэн дээрээ "эх орондоо очно оо" хэмээн ярьдаг ч хэзээ вэ гэдгээ өөрсдөө ч сайн хэлж мэддэггүй. Харин ч цаашдаа ойр хавийн хүмүүсээ байгаа газар руугаа татах, тэнд сургаж боловсруулах, ажилд төрөлд оруулах сонирхол нь давуу байдаг гэхэд болно. Ер нь албадангийн байдлаар нутагтаа ирж буй иргэдийн талаар хөндөж ярихаас гадна харьд буй залуусынхаа монгол руугаа гэх сэтгэлийн жолоог хэрхэн нааш нь эргүүлэх хэрэгтэй юм бол. Эх орондоо ирсэн хойно нь хэрхэн тэднийг нийгэмшүүлэх тал дээр хэн юу бодож байдаг юм бол.

No comments:

Post a Comment