Thursday, May 13, 2010

ЗУДНААР ТУУГДАГСАД

Үхэр жилийн зудны "сүр дуулиан" ерөнхийдөө намжсан ч малын хорогдол, хамгийн сүүлийн үеийн мэдээгээр 7.5 саяд хүрээд буй. Дөчин гурван сая малтай манай орны хувьд нийт дүнтэй нь харьцуулахад хорогдлын тоо танагтай юм шиг боловч өрх гэрт үзүүлэх хор хохирол нь ямар их гэдгийг дурдахад илүүц биз. Амьжиргааныхаа хэдээс салсан малчдад ирээдүй нь, өнөөдөр ямархан байдлаар төсөөлөгдөж байгаа бол? Ирж яваа цаг болно биз, үлдсэн хэдээ төлөөр нь өсгөнө өө гэх нэгэн байхад хот суурин газар руу шилжин суурьших бодолтой хүн цөөнгүй байгаа нь лавтай. Үхэр жилийн зуд тэгэхээр малын хорогдол, махны үнийг өсгөсөн шигээ ядуурал, ажилгүйдэл, шилжилт хөдөлгөөн, гэмт хэрэг гээд олон үр дагаврыг өөртөө дагуулах гээд байна уу даа гэсэн бодол төрлөө. Хэдийгээр малаа алдсан малчид төв суурин руу нүүж буй тухай яг таг тоо баримт байхгүй байгаа ч хот руу шилжих шилжилт хөдөлгөөн хурдасна гэж таамаглаж буй олон хүн байна. Тэр хэрээр нийслэлд ажлын байр, орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд зуднаас өмнөх үеийн шилжин ирэгсдийн түвшинд шийдэж чадаагүй асуудал мөн л нэмэгдэн сөхөгдөх нь тодорхой юм. Иргэн хүн Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хөдөөд байна уу, хотод байна уу хаана амьдрах нь тухайн хүний эрх. Гэлээ ч тэднийг угтан авч буй их хот шилжин ирэгсдийнхээ эрх ашгийг хангаж чадахгүй байгаа. Тиймээс өнөөгийн байдлыг эргэж нэг харья гэлээ. Гэр хороололд хөдөөнийхөн суурьшдаг
Хөдөө орон нутгийн иргэд сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалах, амьжиргаагаа дээшлүүлэх боломжийг хайж хотод шилжин ирдэг. Малын захаас холдож үзээгүй улс Улаанбаатарт амьдарна, болно гэсэн дан ганц сэтгэлийн чин зориг өвөртлөн ирдгээс хаана суурьших, яаж амьдрах, хэнд хандах гэсэн нарийн төлөвлөгөө байдаггүй гэхэд болно. Нүүж ирсэн хойноо гаднах орчиндоо дасан зохицож чаддаг болов уу, үгүй болов уу гэдэг нь ёстой таавар юм. Тэдэнд дасан зохицох, амьжиргааны наад захын нөхцөлийг бүрдүүлэхэд туслах, боловсрол, эмнэлгийн үйлчилгээнд хамруулах, хүүхдэд хандсан зөвлөгөө өгөх зэрэг ямар нэг алба хэлтэс байдаггүй, зохион байгуулалтын ажил үндсэндээ хийгддэггүй. Тиймээс шилжин ирэгсдийн хувьд бор зүрхээр хэр зүтгэснээс ахуй, амьдрал нь шалтгаалдаг. Шилжилт хөдөлгөөн 1990 оноос хойш тасралтгүй үргэлжилсээр өнөөдөр манай улсын хүн амын тал хувь нь нийслэлд төвлөрсөн. Хөдөөнийхөн гол төлөв гэр хороололд төвхнөдөг. Гэр хорооллын хүн амын хурдтай өсөлт нь хотын нийгэм, эдийн засгийн болон засаг захиргааны нэгжид ачаалал үүсгэн, ядуурлыг улам бүр гүнзгийрүүлдэг гэж судлаачид үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сонгогдох сонгох эрхээ эдлэхгүй, зохистой орон байраар хангагдаж чадахгүй, хүүхдүүд нь сургуульд хамрагддаггүй, эрүүл аюулгүй орчинд амьдарч чадахгүй байна гэсэн үг. Шилжин ирэгсдийг голдуу хог хаягдлын дунд бохир зайлуулах нэгдсэн сүлжээгүй орчинд, ердийн зуухан халаалттай, халуун усны гачаалтай нөхцөл угтдаг. Шилжин очсон тухайн хороондоо бүртгэлгүй тул наад захын үзлэг оношилгоо хийлгэж чаддаггүй, ер нь гуравны нэг нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй байдаг байна. Мөн цэвэр ус, гэрэл цахилгаанаар хангагдаагүй айл өрх цөөнгүй байгаагийн дээр тэдгээр нь ихэнхдээ ажилгүй, мэргэжилгүй улмаас яаж амьдрах аргаа ололгүй хогийн цэг дээр бор хоног, шар өдрүүдийг өнгөрөөж байна. Энэ мэт хүндрэлээс болж, газар өмчлөх, хувь хишиг хүртэх, мэргэжил боловсрол эзэмших зэрэг асуудал тэдний хувьд тэнгэрээс од шүүрэхтэй адил хэрэг болдог. Цаашлаад зөвшөөрөлгүй газар бууснаас үер усны гамшигт өртөх, элдэв ялгаварлан гадуурхалтад өртөх, санхүүгийн гачигдлаас амьдралын түвшин буурах зэрэг үзэгдэл шилжин ирэгсдийн дунд тохиолдох нь их аж.
Шилжин ирэгсдийн хүүхдүүд ч томчуудтай адил хохирдог
Монгол айл дунджаар 5 ам бүлтэй гэж тооцоход тухайн өрхийн 2-3 гишүүн нь хүүхэд байж таарах нь. Шилжин ирэгсэд ихэнхдээ хүүхдээ бага дээрээ нь хотод нүүн ирсэн нь дээр гэж үздэг. Учир нь сайн боловсрол, сайн сургалттай сургуульд хүүхдээ сургах гэсэн хэрэг. Өрхийн насанд хүрээгүй иргэд мөн л нийслэлд ирээд санаан зоргоор сайн битгий хэл захын сургуульд бүртгүүлэхэд ч хүндрэлтэй. Засаг захиргааны нэгждээ бүртгэлтэй тохиолдолд сургуульдаа бүртгүүлдэг ч бүртгэлгүй бол энэ тал дээр санах ч юм биш. Ямартаа л өнөөдөр нийслэлийн иргэн хүн өөрийн сонирхлоор өөр сургуульд хүүхдээ сургах гээд чадахгүй байхад танил тал, мөнгө төгрөггүй хөдөөнийхөнд харьяа сургууль, цэцэрлэгээ бараадсан нь өлзийтэй. Тэдний бүртгүүлдэг сургууль нь бидний хэлдгээр мөн л гэр хорооллын сургууль байх нь ойлгомжтой. Сургууль нь 3 ээлжээр хичээллэдэг, нэг ангидаа 40-53 хүүхэдтэй байх нь бий. Хол гэртэй хүүхэд 3-4 км явган явж сургуульдаа хүрнэ. Өвөл эртлэн гардгаас харанхуй гудамжаар явах, айж ичих, автобус унаанд сууж чадахгүй байх, ханиад томуу хүрэх, нохойд уруулах гэсэн садаа давааг тэд бяцхан биедээ үүрдэг. Бүртгэлгүй гэх шалтгаанаар гэр хорооллын шилжигч өрхийн хүүхдийн 33.3 хувь нь сургууль завсарддаг бөгөөд эдгээр хүүхдийн тал орчим нь 5-8 дугаар ангиас сургууль завсарджээ. арай гайгүй сургуульд сургана гэвэл нийтийн тээврээр 2-3 дамжих хэрэгтэй болдог нь өрхийн зардлыг улам нэмэгдүүлдэг. Дугүйлан, секц нь төлбөр өндөртэй, багшийн ачаалал их байдгаас хүрч ажилладаггүй, олон хүүхэд нэг дор цугларснаас хичээлээ сайн ойлгодоггүй, багш нар ялгавартай ханддаг, янз бүрийн төлбөр нэхдэг байдал хаа ч байдаг үзэгдэл юм. Зарим тохиолдолд эцэг эх амьдралаа дээшлүүлэхээр гадаадыг зорьсноор хүүхэд эзэнгүйдэх, хараа хяналт суларснаар гэмт хэрэгт холбогдох, хичээл сургуульдаа явах хүсэл сонирхолгүй болох зэрэг бэрхшээл түгээмэл байна. Хилийн чанадад гарсан иргэд эргэж ирэх сонирхолгүй байдаг нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлсөөр... Өмнөхөө яая гэж байгаа Улаанбаатар
Зарим нэг хүний яриаг сонсож байхад, Улаанбаатарын эмнэлгүүдэд хөдөөнийхөн олноор ирж үзүүлж, оношлуулж байна гэх. Хахир цагт туйлдаж ядарсан биеэ тэнхрүүлэх гэж тэр биз. Сүүлийн арван жилд тохиогоогүй зуд турханд хүн малгүй сүрхий туйлдсан. Улс орон малгүй иргэнийг 40 сая төгрөгөөр малжуулах чиг барьж буй ч тэднийг бололцооны амьдралд хүрэх хүртэл нь эрүүл мэндийн асуудлыг нь ч гэсэн бодолцох хэрэгтэй юм болов уу. Сум, багаар нарийн мэргэжлийн эмч нарын баг явуулах, сумын эмнэлгийн үйл ажиллагааг дэмжих, багаж тоног төхөөрөмжөөр хангах зэрэг өмнө хийж байсан ажлаа эрчимжүүлэх шаардлага байна. Мөн сумын сургуулийн сургалтын орчин, сурлагын чанар, багш, ажилчдын нийгмийн асуудал, дотуур байрны тохижилтод ч гэсэн анхаармаар. Ер нь малчдад мөнгө өгөөд орхих биш, бэлчээрийн хангамж, худаг усны хүрэлцээ, мэдээ мэдээллийн хүртээмж зэрэгт улс хөрөнгө хаяхаас гадна гамшиг ослоос сэргийлэх, засаг захиргааны байгууллага мал төллөх цагаар дэмжиж туслах, шаардлагатай төсөл хөтөлбөрт өрхийн гишүүн бүрийг хамруулах гээд дурдаад байвал олон ажил хөдөөд хүлээгдэж байх шиг. Бие биенээсээ уялдаа хамааралтай энэ мэт ажлыг хөдөөд өрнүүлснээр өмнөх шилжилт хөдөлгөөнөө сааруулж чадаагүй байгаа Улаанбаатарын их нүүдлийг ямар нэг хэмжээнд хазаарлаж болох талтай. Зудны балгаар айсуй малчдын их цуваа өөрсдөд нь болон улс оронд урьдын шиг хүндрэлийг үүсгэх нь тодорхой тул гэр ачаалж, хэд гурван малаа зарж борлуулахаас өмнө амжиж, энэ үгийг малчдаа хүргэж байгаа минь энэ.

No comments:

Post a Comment