Tuesday, May 18, 2010

ААВУУДЫГ "БУЛААСАН" КАПИТАЛИЗМ

Сүүлийн үед хэд хэдэн сонин гарчиглалаа. Алдартай, олны танил хүмүүсийн ярилцлагыг эргүүлж тойруулж харав. Тэдний ярилцлагыг уншиж суухад нийгмийн нэг бүхэл бүтэн үеийг тодорхойлж болмоор, өлгөж авч санаа сэдэл болгохоор нэг зүйл ажиглагдав. "Сурвалжлагч асууж байна: -Та гэр бүлдээ хэр их цаг зав зарцуулдаг вэ? -Гэр бүлдээ аль болох цаг зав гаргахыг боддог. Гэхдээ чөлөө зав гарах нь ховор. Хүүхдүүдээ өглөө унтаж байхад нь ажилдаа гараад, орой унтаж байхад нь ирдэг. Зарим тохиолдолд долоо хоног хүүхдүүдтэйгээ уулздаггүй. Утсаар л ярих юм байна шүү дээ" хэмээн хариулсан байх юм. Ер нь сонин хэвлэлд нийтлэгдэж буй олонх ярилцлагад хүмүүс тэгж хариулжээ. Энэ нь тийм ч их дуулиан тариад, хүмүүсийг анхаарлыг татаад байх асуулт хариулт биш юм. Олон хүн энэхүү хэсгийг уншаад "ямар их завгүй, яасан их ажилтай хүн бэ? Хариуцлага өндөртэй, цалин сайтай ажилтай хүн байна даа" гэж бодогдохоор. Гэхдээ түр зогсосхийгээд бодъё. Нэгдүгээрт, аав ажилтай. Хоёрдугаарт, аав их ажилтай болохоор завгүй. Гуравдугаарт, аав завгүй болохоор гэртээ оройтож ирдэг. Дөрөвдүгээрт, оройтож ирдэг болохоор хүүхдүүд аавыгаа долоо хоногт алдаг оног хардаг. Тавдугаарт, аав гэрт эзгүй болохоор хүүхдүүд ээжтэйгээ ихэнх цагийг өнгөрүүлдэг. Зургадугаарт, ээжтэйгээ ихэнх цагийг өнгөрүүлдэг болохоор хүүхдэд, тэр дундаа хөвгүүдэд эцгийн нөмөр, амьдрах арга ухаан, алтан сургамж, "алган боов" гээд хүмүүжлийн олон хэлбэр дутагддаг. Аавын зангараг дутсан хүү насанд хүрсэн хойноо эр бие суух ч тулга тойрсон нэгэн болохыг үгүйсгэх аргагүй. Энэ мэтээр нэлээн холуур асуудлыг авч үзэхэд хувь хүн болоод гэр бүлийн төлөвшил, хүн ам зүй, жендер судлал зэрэг олон салбарт завгүй аавуудын "сүүдэр" тусч байх шиг санагдана. Өнөөдөр манай улсын олон гэр бүлд аавууд үгүйлэгдэж байна. Тэд гэр орондоо байхгүй байна. Эрчүүд гэр орноосоо дүрвэсэн юм биш тэд ердөө завгүй байна. Завгүй аав нарыг ерөнхийд нь гурван хэсэгт хувааж болмоор. Суурин байдаг ч гэр орондоо бага орж гардаг, удаад нь хөдөө гадаа олон сараар ажилд явдаг, хамгийн сүүлд нь гадаадад суудаг аав гэж ангиллаа. Суурин аав гэдэгт тогтмол ажилтай ч хоногтоо багтаж төлөвлөсөн нь амждаггүй, өглөө гараад орой ирдэг эрчүүдийг багтааж болно. Тэд олон цагаар ажилладгаас гэр орон, үр хүүхдийн асуудлыг эхнэр нь хариуцдаг гэсэн үг. Энэ ангиллынхан нөгөө хоёроо бодвол давуу тал олонтой. Байр худалдан авах, унаа тэрэг сонгох, хүүхдээ сургууль соёлд оруулах зэрэг амьдралын олон талт шийдвэрт тэд гар бие оролцож чадна. Тэгснээр өрх гэрт түшиг болоод байх чадвартай. Мөн хүүхдүүд эцгийн элбэрэл хайрыг бага ч болов хүртэж өсдөг. Энэ ангилалд наймаанд шогшдог хүмүүсийг ч хамруулж болох талтай. Бараа татан авахаас бусад тохиолдолд наймааныхан байран суурин суудаг учир тэд азтай аавууд юм. Дараагийн ангилалд багтсан аав нар бол томилолтоор явдаг буюу голдуу уул уурхай, усны хайгуул, судалгаа шинжилгээний компанид ажилладаг эрчүүд орно. Тэд ихэвчлэн 2-3 сар хөдөө ажиллаад, цөөн хоног үр хүүхэд, хань ижил, гэр орондоо үзэгдэнэ. Бараг л нүүдлийн шувуу. Нэг ирэхэд хүүхэд төрчихсөн байна, нөгөө ирэхэд хүүхэд хэл орчихсон эсвэл хөлд орчихсон байх жишээтэй. Хүүхэд эхийн арчилгаа тордлогоонд хүн болдог болохоор багачуудын үгийн сан нь нэлээд хожуу аав гэдэг үгээр баяжигдах жишээтэй. Тэд бас ч хамгийн сүүлийн ангилал дахь аав нарыг бодвол гэртээ ирэх хугацаа нь жил, оноор биш сар, өдрөөр хэмжигдэх тул наанатай цаанатай. Эцсийн бүлэгт жагссан аав нарын хувьд байдал маш хүнд. Ахуй амьдралаа сайжруулахаар гадны улс орныг зорьсон залуусын хувьд эхэндээ ар гэртээ санаа зовж, анхаарал халамжаа зориулдаг. Он цаг улирах тусам энэхүү хандлага суларч, хайр хүндэтгэлийг мөнгөөр нөхөх гэж оролдовч дийлэнх тохиолдол энэ нь үр дүнгээ өгөлгүй, гэрлэлт салалтаар төгсгөл болох нь түгээмэл. Гадаадад суудаг аавтай хүүхдүүд голдуу эцэг хүн гэдгийг мөнгөн гуйвуулга, бэлэн мөнгө, гадаад шошготой ганган хувцас, гар утас, мэйл, мессенжер, компьютер зэргээр төлөөлүүлэн ойлгоно. Харамсмаар боловч үнэн дүр зураг өнөөдөр ийм л байна. Гэр бүлийн салангид харилцаа Монголын нийгэмд төлөвшөөд удлаа. Тэгснээр үеэс үед уламжлагдан ирсэн эцэг үрийн нандин холбоо хөндийрч, нэг цул бус хоёр тусдаа бодгаль гэх Европ чигийн хүмүүжил манайхны гэр бүлийн хөрсөнд "ус, чийг"-ээ хэдийнэ өгөөд эхэлсэн. Биднийг багад аав гэдэг хүүхэддээ үлгэр ярьж, цэцэрлэгээс авч мөн хүргэж өгч, байгалийн сайхан үзүүлж, хүнд бэрхээс халирахгүй байхыг сургаж, ах дүү, айл аймаг хүмүүстэй танилцуулж, олны дунд хөтлөсөн амьдралын их хөтөч байсансан. Ганц нэг аав тэр үед эзгүй байдаг байсан. Олон сарын тээвэрт явж, гурван жилийн цэрэгт татагдаж, геологи хайгуулын ажилд зүтгэж, зарим нэг муухан сахилгатай аав нар "их аав"-ынд суудаг байсныг өнөөдрийн цаг үетэй юу гэж харьцуулах билээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн системд шилжсэн сүүлийн 20 жилийн хугацаанд бид хөдөлмөрөө үнэлүүлэх, үг хэлэх, сонгох сонгогдох зэрэг хүний эрхийн мөн чанар болсон олон ололтыг олж бэхжүүлж чадсан. Гэтэл хөгжил дэвшлийн багана өндөрсөх тусам түүний сүүдэр хувь хүн, айл өрхөд тусгалаа тусгаж байна. Үүний буйн нэг илрэл нь аавууд гэртээ байхгүй байх явдал юм. Монгол Улсын хүн амын тоо өдгөө 2.7 сая болж, жил ирэх тутам төрөлт 50-60 мянгаар нэмэгдэж байна. Нийт хүн амын 48.7 хувь нь эрэгтэйчүүд, 51.3 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд 100 эмэгтэйд 95.1 эрэгтэй ногддог. Судалгааны тоо баримтыг харахад нийгэмд эзлэх эмэгтэйчүүдийн байр суурь өсч буй ч эдийн засгийн идэвхитэй хүн ам болон ажиллагсадын дотор эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эзлэх хувь ойролцоо байгаа юм. Ажил хөдөлмөр эрхлэлтийн судалгаа голчлон зөвхөн монголд буй ажиллагсадыг хамруулдаг нь зарим тохиолдолд эрэгтэйчүүдийг ажил, төрөл хийдэггүй анхил муутайн тоонд оруулах шалтгаан болдог биз. Өнөөдөр манай улсаас хамгийн их ажиллах хүчин авдаг БНСУ-д олон тооны эрчүүд ажиллаж байна. Тэдний ихэнх нь ид насны эрчүүд буюу аавууд. Олон аав нар тэнд амсхийх завгүй ажиллаж байна. Тиймээс айл гэрийн хоймор эзгүйдэж, хүүхдүүд аавын тухай багахан дурсамжтай, бүдэг ойлголттой өсч өндийж байна. "Монгол эрчүүд архи уудаг, ажил хийдэггүй, залхуу, эхнэрээрээ тэжээлгэдэг" гэх шүүмжлэл нийгэмд байдаг хэдий ч энэ нь цөөн тооны эрэгтэйд хамаарна. Учир нь аавууд завгүй бас дээр эзгүй байна гэдэг нөгөө талд өрх гэрээ, өлгий нутгаа "нуруундаа" үүрч яваа хэрэг юм. Энэ бүх дүр зургийг өнгөц харахад ажил хөдөлмөр аавуудыг үр хүүхдээс нь, хань ижлээс нь, эх нутгаас нь "булаасан" юм шиг. Гэтэл үнэн чанартаа төр засгийн хийтэй бодлогод хамаг учир байна уу гэлтэй. Тиймээс монгол аавуудыг эх нутагт нь, өрх гэрт нь "нутагшуулах" бодлогыг хэрэгжүүлэх зүйтэй хэмээн бодогдоно. Тэгсэн цагт монгол хүүхдийн нүднээс баярын цог гэрэлтсэн хэвээр байх биз ээ.

1 comment:

  1. бичээд байгаарай. гоё бичжээ

    ReplyDelete