Thursday, May 13, 2010

Завинаас гадуурх хүмүүс

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр байсхийгээд ДОХ-ын төд дэх тохиолдол бүртгэгдлээ гэж мэдээлэх. Нийгмийг цочроосон энэ мэдээллийн давтамж улам бүр ойртсоор. Албан ёсны мэдээгээр, манай улсад ХДХВ/ДОХ-ын тохиолдол 69 болж гэнэ. Зөвхөн өнгөрсөн сард шинээр долоон тохиолдол бүртгэгдсэний гурав нь Улаанбаатар хотын иргэн байсан нь хотод эрсдэл өндөр байгааг харуулж байна. Манай улсад 1992 онд ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол илэрснээс хойш өнөөдрийг хүрэхэд есөн хүн ДОХ-ын улмаас нас барж, мөн тооны хүн ДОХ-ын шатандаа шилжсэн аж. Үлдэж буй хүмүүс ХДХВ-ийн халдвар тээн амьдарч байна. Одоогийн байдлаар халдвар тээгчдийн 27 хувь нь ажилтай, 20 хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, үлдсэн хувь нь ажилгүй байна. Зах зээлийн давалгаатай зэрэгцэн Монголд "хөл тавьсан" энэ төрлийн халдвартай болон өвчтэй хүмүүсийг тухайн үед "хил хязгаар тогтоож тусгаарлах хэрэгтэй", " нэр усыг хэвлэл мэдээллээр зарлаж, жигшээх нь зүйтэй", "ажил төрлөөс нь хал" гэх мэтээр шүүн тунгаадаг байсан. Зарим тохиолдолд заналхийлсэн өнгө аястай "буудан ал", "шоронд хорь", "хүйс тэмтэр" гэх дуу хоолой ч сонсогддог байсан нь саяхных. Өнөөдөр ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч иргэдийг жирийн хүмүүс "халдвар тараагч, завхай амьтан, шангаа зүй ёсоор хүртэж байгаа этгээд" гэсэн хандлагаар хүлээж авахаа больсон. Гэсэн хэдий ч эл өвчний халдвар авсан, өвдсөн хүмүүсийн хүний эрх, эрх чөлөөний асуудал одоог хүртэл хөндөгдсөн хэвээр байгаа билээ. ХДХВ/ДОХ-той хүмүүсийн эрх, эрх чөлөө хэрхэн зөрчигдөж байгааг дурьдахын өмнө олон нийтийн дунд ямар буруу ойлголт байсаар байгааг өгүүлье. Бэлгийн замбараагүй амьдралтай хүн халдвар авдаг гэх ойлголт нэлээд түгээмэл байдгаас иргэд, тэр дундаа залуучууд "надад ямар тусах биш дээ" гэсэн бодолтой явдаг байж мэдэх юм. Гэтэл энэ бол том эндүүрэл аж. Нэг удаагийн хамгаалалтгүй бэлгийн хавьтлаар ч ХДХВ-гийн халдвар авдаг байна. Мөн "Гомочууд ДОХ тарааж байна" гэсэн яриа олны дунд яригддаг. Үнэн хэрэгтээ ХДХВ-ын халдвар авсан хүн болгон ДОХ-той байна, эсвэл ДОХ-той болно гэсэн үг биш юм. Зарим тохиолдолд ХДХВ-ын идэвхжлээс хамааран тухайн хүн ДОХ-той болох буюу өвчний үедээ шилждгийг анагаахын шинжлэх ухааны аль эрт тогтоосон. Түүнчлэн "хамгаалалтгүй байсан ч үрийн шингэн гадагшлаагүй л бол аюулгүй", "амаар хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох нь зүгээр" гэх нь мөн л ташаа ойлголт гэнэ. Үрийн шингэн гадагшлаагүй байсан ч үл ялиг ялгарсан байхад хэрэв хавьтагч нь ХДХВ-ын халдвартай бол халдвар авах юм. ХДХВ/ДОХ нь хэнийг ч алагчладаггүй өвчин. Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орж буй бүх хүн эрсдэлтэй зан үйл хийж байна гэсэн үг. Ихэнх тохиолдолд өвчний илрэл гей хүмүүсийн дунд илэрдэг ч гадаад орнуудын жишээнээс харахад халдвартай гейчууд нь ХДХВ/ ДОХ-той амьдарч буй эсрэг хүйстэнтэйгээ унтдаг хүмүүстэй харьцуулахад бага байдаг гэсэн судалгаа гарчээ. Харин манай улсад ХДХВ-ын халдвартай эрчүүдийн үнэмлэхүй хувь нь гей залуучууд байгаа юм. Сүүлийн үед цацагдаж буй ХДХВ/ДОХ-оор гей залуус халдварлаж байна гэсэн мэдээлэл мөнхүү эргээд тэднийг нийгэмд үзэн ядах сэтгэгдлийг төрүүлж буй нь нууц биш. Ерээд оны үеэр АНУ-д "Зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдүүд л халдвар авах эрсдэлтэй" гэсэн мэдээллийг хүчтэй сурталчилсан. Энэ нь дээр хэлсэнчлэн аймшигт халдвар хэнийг ч ялгадаггүйг хүмүүсийн ухамсарт суулгаж өгсөн сурталчилгаа байсан юм. Халдвар зөвхөн өөрөөс хамаарах үйлдэл буюу хамгаалалтгүй бэлгийн хавьтлаас гадна бусдын буруутай, хариуцлагагүй үйлдлээс хамаардаг. Эмнэлгийн бүрэн ариутгагдаагүй багаж хэрэгсэл, цус, цусан бүтээгдэхүүн, аз туршсан үйлдлээс буюу эхээс урагт халдвар дамждаг. "Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг" гэдэг зүйр үгээ мартаад, халдвартай амьдарч буй хүмүүсийг өвчний золиос болсон гэдгийг үл анзаараад гэмт хэрэгтэн мэтээр шүүн таслах нь утгагүй хэрэг гэдгийг дэлхий нийтээр хэлж сануулж буй. Азгүй тохиолдлоор халдвар авснаар тухайн хүн ажлын орчиндоо нүд үзүүрлэгдэх, улмаар халагдах, үг хэлээр доромжлуулах, гэр орноосоо хөөгдөх, бие махбодиороо хохирох зэрэг үр дагавар тэднийг хүлээж буйг ямагт санаж байхад илүүдэхгүй биз ээ. Ялгаварлан гадуурхалтад өртүүлж, хүний эрхийн олон зөрчлийн хохирогч болгохгүйн тулд бид юу хийх ёстой вэ? Хэдхэн хоногийн өмнө урд хөрш маань ДОХ-той холбоотой хатуухан шийдвэр гаргаж, тун удалгүй цуцалж байгаа бололтой байсан. Манай улсад өнөөдөр ХДХВ/ДОХ-той хүмүүст хандсан ямар нэг сөрөг шийдвэр гаргаагүй ч албан байгууллага, аж ахуйн нэгжийн хувьд хүний эрхийг нь хаан боогдуулсан журам заавар хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийн хувьд ажил ороход заавал ХДХВ-ийн шинжилгээ өгөхийг шаарддаг. Энэ журам заавар ялангуяа гадаадын хөрөнгө оруулалт бүхий компаниудад түгээмэл байдаг. Энэ нь ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн ажил мэргэжлээ сонгох эрхийг зөрчиж буйн нэг томоохон илрэл юм. Тэдний ажиллаж хөдөлмөрлөх эрх амьдрал дээр нээлттэй юм шиг хэрнээ бодит байдал дээр хаалттай байдаг. ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн хувийн мэдээлэл зарим тохиолдолд алдагдаг. Асуудлыг хариуцаж буй албан тушаалтнууд оршин суугаа газар, нас хүйс, ажил мэргэжил зэргийг мэдээлдгээс олонх хүн тухайн хүнийг халдвар авсан болохыг богино хугацааны дараа олж мэдсэн байдаг. Учир нь албан тушаалтан тэр гэж нэр хэлээгүй ч ихэнх тохиолдолд тойруугаар хэн халдвар авсан болохыг хэлчихдэг хэрэг юм. ХДХВ/ДОХ-оос сэргийлэх хуулийн 11 дүгээр зүйлийн 1.7-д "Хүний дархлал хомсдолын вирус буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон бол энэ тухайгаа өөрийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагчдаа нэн даруй мэдэгдэх" гэж заасан. Энэ нь Хувь хүний нууцын тухай хуулийн "хувь хүн нууцаа өөрөө хамгаална" гэсэн заалттай харшилдаж байгаа юм. Өнөөдөр манай улсын 2.7 сая хүний хэн нь ч энэ хар сүүдэрт өртөж мэднэ. Бид хэдэн хүн өвчилсөн тухай мэдээлэлд ач холбогдол өгөх бус хэрхэн эл өвчнөөр өвчлөхгүй байх, өвдсөн нэгийхээ хүний эрх, эрх чөлөөг дээдлэдэг байх нь ардчилсан тогтолцоот нийгмийн ёс зүйд нийцэхсэн. Монгол, цаашилбал дэлхий хэмээх нэг л "завин дээр сууж яваа"-гийн хувьд завин дээрхээс гадуурх хүмүүс гэж байх ёсгүй санагдана.

3 comments:

  1. Нууцыг нь хадгалаад тохирох ажилд ажиллуулах нь хүнлэг хэрэг шүү. Алдаагаар нь яллах нь шударга бус. Хэлж ирэх гай гэж байдаггүй. Хийсч явсанд нь өртсөн хөөрхий хүмүүс үлдэгсэддээ өширхөлгүй ухаарал хайрлаад үлдээгээсэй

    ReplyDelete
  2. Халдвар авсан тохиолдолд хамтран амьдрагч, гэр бүлийн хүн энэ тэрд нь мэдэгдэхгүй яах юм бэ? Ийм ноцтой хэрэг дээр нэг хүний эрх чухал юу, олон хүний эрүүл мэнд илүү чухал уу гэсэн асуудал гарч ирнэ. Юм болгон дээр нэг хүний эрхийг өргөмжлөх нь буруу. Тэгээд ч халдвар авагч нь өөрийнхөө эрхийг эдэлж явж байгаад бэлгийн замаар халдвар авсан бол түүнийхээ шанг хүртэх л ёстой биз дээ. Тэгээд ч өнөөдөр, мэдээлэл сурталчилгаа харьцангуй сайн хөгжсөн байхад, та халдвар авах эрсдэлтэй шүү гэж анхааруулаад байхад үл хэрэгсэн завхарч яваад халдвар авчихсан баагийг яахын? Зөв өө, чиний тэгж явах чинь чиний эрх гээд толгойг нь илээд хав дарж нууцлаад эргэн тойрны хүмүүсий нь эрсдэлд оруулах уу?

    ReplyDelete
  3. Тэгээд ч ойрын хүнд нь мэдэгдэх, олон нийтэд зарлах гэдэг хоёр бол шал өөр асуудал.

    ReplyDelete